Д.Есөн-Эрдэнэ: Энэ жилийн ургац урьдчилсан төлөвлөгөөндөө хүрч, өмнөх оны үзүүлэлтийг давсан үр дүнтэй байна

Энэ жилийн ургац хураалтын тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны (ХХААХҮЯ) Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Энэ жилийн ургац хураалт хэр үр дүнтэй болсон бэ. Ургацын хэмжээ, үзүүлэлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ жилийн ургац хураалтын ажил үндсэндээ дуусч, үр дүн нь гарч байна. Нийт 357.4 мянган га талбайгаас 577.7 мянган тонн үр тариа хураан авсан. Үр тарианы гол стратегийн хүнс болох улаанбуудайн хувьд 310 мянган га талбайгаас 515.7 мянган тонн ургац хураасан. энэ нь улсын улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангах хэмжээний үзүүлэлт юм. Мөн 12.7 мянган га талбайгаас 114 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 204 мянган тонн хүнсний ногоо, 113 мянган га талбайгаас 390 гаруй мянган тонн малын тэжээлийн ургамал, 80 мянган га талбайгаас 57 мянган тонн тосны ургамал хураан авлаа. ингээд нийт ургацын хэмжээг авч үзвэл бараг 1.4 сая тонн ургац хураасан дүнтэй байна.

-Өнгөрсөн жилийн ургацын үзүүлэлттэй харьцуулахад энэ жил ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үр тарианы ургац 40, төмсний ургац 30, тэжээлийн ургамлын ургац 50, тосны ургамлын ургац 40 гаруй хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

-Цаг агаарын нөхцөл байдал ургацын хэмжээ, чанар болон ургац хураалтын ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг уурын нөхцөлөөс шууд хамааралтай. тиймээс тухайн бүс нутгийн байгаль, цаг уурт тохирсон технологи, үрийн сорт сонгох нь чухал байдаг.

Энэ жилийн хувьд тавдугаар сард тариалангийн зарим бүс нутагт цас орж, хур тунадас ихтэй байсан. Үүнтэй холбоотойгоор зарим газарт хөрс тариалалт хийхэд тохиромжгүй болж, тариалалтын ажил төлөвлөсөн хугацаанаасаа 7-10 хоногоор хойшилсон. Гэсэн хэдий ч 69 дүгээр сар хүртэлх хугацаанд хур тунадасны хэмжээ харьцангуй таатай байлаа. Ингэснээр ургацын хэмжээ, чанарт эерэг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

-Жил бүр ургац хураалтын хэмжээг урьдчилан төлөвлөдөг үү. Энэ жилийн ургац төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн үү?

-Тийм. Тариалалтын хэмжээнд үндэслэн урьдчилсан төлөвлөгөө гаргадаг. Энэ жилийн хувьд урьдчилсан төлөвлөгөөндөө хүрч, өмнөх оны үзүүлэлтийг давсан үр дүнтэй байна.

-Монгол Улс газар тариалангийн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортолдог уу. Экспорт, импортын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай улсын газар тариалангийн салбараас экспортолж буй гол бүтээгдэхүүн бол рапс буюу тосны ургамал юм. Мөн гурилын үйлдвэрүүд дотооддоо улаан буудай боловсруулж, гурил үйлдвэрлэхийн зэрэгцээ хивгийг экспортолж байна. Үүнээс гадна эмийн ургамлын үр, тухайлбал силимарин зэрэг ургамлын үрийг экспортолж байгаа. Цаашид экспортын бүтээгдэхүүний төрөл, хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална. Мөн хөрш зэргэлдээ болон импортлогч орнуудтай ургамлын хорио цээрийн нөхцөлийг тохиролцох ажлуудыг төлөвлөж, яамнаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна .

-Цаашид газар тариалангийн салбарт ямар бодлого, арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?

-Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн чухал бодлого байна. Нэгдүгээрт, үрийн шинэчлэл хийх шаардлагатай. Хоёрдугаарт, хөрсний үржил шимийг хамгаалах асуудал чухал. Хөрсний үржил шим сайн байж гэмээнэ их хэмжээний, чанартай ургац авах боломж бүрдэнэ. Тиймээс бордооны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн механикжуулалт, техник технологийн шинэчлэлийг тогтмол хийх хэрэгтэй. Үүнээс гадна борлуулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, мал аж ахуйтай уялдуулах бодлого чухал. Тухайлбал, газар тариалангийн салбарт малын тэжээлийн ургамал тариалж, мал аж ахуйн салбарыг тэжээлээр хангах боломжтой. Нөгөө талаас мал аж ахуйгаас гарч буй бууц, ноос, арьс шир зэрэг дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, бордоо болгон газар тариаланд буцаан ашиглах боломж бий. Энэхүү чиглэлийн бодлогыг хөгжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна шинжлэх ухаан, технологийн судалгааг үйлдвэрлэлтэй уялдуулах, үр тариа, таримал ургамлын сорт, шинж чанар өөрчлөгдөж байдагтай холбоотойгоор бүс нутаг бүрийн онцлогт тохирсон судалгааны ажлыг хөгжүүлэх хэрэгтэй. Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Монгол Улсын хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон сорт, технологийг бий болгох шаардлагатай байна. Мөн дэлхийн бусад оронд нэвтэрч буй дэвшилтэт технологийг Монгол Улсын хөрсөнд нутагшуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа өнөө үед хөрсний үржил шимийг хамгаалах асуудал маш чухал. Манай улсын хувьд газар тариалан, мал аж ахуйн салбар хоорондоо нягт уялдаатай байдаг. Тиймээс бэлчээрийн даац, тариалангийн талбайн хамгаалалт зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатай.

Б. ХУЛАН

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)