Ч.Найдандорж: Алдаа оноотой ч энэ миний л ертөнц

 

        Найруулагч Ч.Найдандоржийн “Миний ертөнцөөр” номын нээлт өнгөрсөн баасан гаригт Улсын драмын эрдмийн театрт боллоо. Номын нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Ардын уран зохиолч Д.Урианхай, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар болон театрын үе үеийн уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр Ч.Найдандоржид Монголын зохиолчдын эвлэлээс Д.Намдагийн нэрэмжит шагналыг гардуулан өгсөн юм. Номын нээлтийн үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-“Миний ертөнцөөр” номоо уншигчдад өргөн барьж буйд баяр хүргэе. Хэдий хугацаанд энэхүү номыг бүтээв?

 

-Баярлалаа. Театрынхаа 85 жилийн ойд зориулан энэхүү номыг бичсэн юм. Ном бичих их хэцүү ажил юм байна. Эл номыг өөрийнхөөрөө л бичлээ. Ном алдаа, оноотой болсон байх. Гэхдээ алдаа оноотой ч энэ миний л ертөнц. Би Д.Намдаг гуайн “Оролмаа эх”, Нобелийн шагналт Дарио Фогийн “Чөлөөт хос” зэрэг жүжгийг УДЭТ-ын тайзнаа найруулан тавьсан. Ч.Найдандорж гэдэг хүн дээрх жүжгүүдийг хэрхэн уншиж, ойлгож найруулан тавьсан, жүжгийг найруулахад ямар процесс болсон, юу харуулахыг зорьсон зэргийг үзэгч түмэндээ дэлгэхийг зорьсон юм. Мөн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн тухай бичвэр, сүүлийн жилүүдэд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагуудаа багтаасан. Эл номоороо дамжуулж цаашдаа театрын уран бүтээлчид над шиг өөрийнхөө ертөнцийг харуулсан ном бүтээж олон түмэндээ хүргэхийг уриалж байгаа юм.

 

- Та УДЭТ-т хэдэн жил ажиллаж байна вэ. Театрт анх хөл тавьж байсан үеэ эргэн дурсвал?

 

- 36 жил ажиллаж байна. 1982 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөөд, Соёлын яамны хуваариар УДЭТын босгыг алхаж, жүжигчин болсон. Театрын тайзан дээр анх 1981 онд гарч байлаа. Тэр үед “Найрын ширээний ууц” жүжгийн Итгэл гэх зоотехникчийн дүрд тоглох завшаан оюутан байхад олдсон юм. Тэгээд таван жил жүжигчнээр ажилласан. Түүнээс хойш найруулагчаар ажиллаж байна.

 

-Таныг театрын 85 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг найруулж байгаа гэж дуулсан.

 

-Тийм ээ. Театртай маань хүйн холбоотой урлагийн байгууллагууд нийлж, театрын ойд мэндчилгээ өргөнө. Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Баатар ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа. Энэхүү тоглолтод урлагийн нэрт мастерууд оролцож, уран бүтээлийн сороосоо дээжлэн хүргэнэ. Маш сайхан тоглолт болох байх гэж бодож байна.

 

Б.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)