А.Баярцэцэг: Дэлхийн миссийн тэмцээнд хүмүүнлэгийн ажил хамгийн том шалгуур болдог
- 2016-10-29
- Энтертайнмент
- 0

Бөмбөрцгийн сайхан бүсгүйг тодруулах наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон мисс А.Баярцэцэгтэй ярилцлаа. “Марко Поло” кинонд дүр бүтээснээс хойш дэлгэцийн бүтээлд авьяас чадвараа сорьж буй тэрбээр хамгийн сүүлд “Хотлун гүнж” нэртэй түүхэн кинонд тоглосон юм.
-“Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч эх орноо төлөөлөн дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлддөг. Шалгуур өндөртэй энэхүү тэмцээнд оролцох эрхийг хэрхэн авсан бэ?
-“Miss World Mongolia-2015” тэмцээний үндэсний ялагчаар Н.Ану шалгарч, тэргүүн миссээр би тодорч байсан. Энэ жил манай улсад олон улсын чанартай томоохон олон арга хэмжээ боллоо. Үүнээс шалтгаалан дотооддоо томоохон тэмцээн зохион байгуулахад ивээн тэтгэгч байгууллага,зохион байгуулалт, цаг хугацааны хувьд төдийлөн тохиромжтой байсангүй. Тиймээс өнгөрсөн жилийн дэд миссийг энэ жилийн үндэсний ялагч болгож тодруулдаг дүрмээр би мисс Н.Анугаас “Miss World Mongolia” тэмцээний титмээ хүлээн авлаа.
-Тэмцээнд оролцох зарим улсын мисс бараг жилийн өмнө тодорсонтой харьцуулахад та оройхон бэлтгэлдээ орж байна. Энэ шахуу хугацаанд ямар төлөвлөгөөтэй тэмцээндээ оролцъё гэж бодож байна вэ?
-“Miss World” тэмцээн голчлон тав, бүгдийг нь оролцуулбал арваад шалгууртай байдаг. Мэдээж манай багийн зорилго бүх шалгуурт бусад оролцогчидтойгоо эн тэнцүүхэн оролцох. Тэр дундаа хүмүүнлэгийн ажилдаа түлхүү анхаарч байна. Учир нь, тэмцээний шүүлтийн үнэлгээнд хүмүүнлэгийн ажил хийсэн байдал чухал байр суурь эзэлдэг. Хоёр жилийн өмнө Индонезэд болсон тэмцээний үеэр “Miss World”-ийн тэргүүн Жулиа Морли “Бид усны хувцастай гарааг хасч байна. Яагаад гэвэл оролцогчдын хэний цээж нь том, бэлхүүс нарийн байна гэдгийг харахаас илүү тэр эмэгтэй юуны талаар бодож, нийгэмд ямар хувь нэмэр оруулж буй нь илүү сонин. Бас оролцогчдын сэтгэгдлийг сонсмоор байна” гэж байсан. Тийм ч учраас тэмцээнд оролцогчдын хувьд хүмүүнлэгийн ажил хамгийн том шалгуур болсоор ирсэн. Энэ шалгуурт түрүүлсэн оролцогч шилдэг 20-т автоматаар багтдаг. Энэ утгаараа манай багийнхан хүмүүнлэгийн ажилдаа маш их анхаарал хандуулан ажиллаж байна.
-Та хүмүүнлэгийн ямар ажил хийхээр зорьж байна вэ?
-Зөвхөн “Miss World” тэмцээнд зориулан ямар нэгэн ажил зохион байгуулах ч юм уу, өвчтэй хүүхдүүдэд бэлэг тараах нь өрөөсгөл санагддаг. Хүмүүнлэгийн ажлыг зөвхөн нэг тэмцээнд зориулж хийхээсээ илүү хувь хүний хандлага, өдөр тутам хийдэг, амьдралын хэв маягийнх нь нэгээхэн хэсэг байх ёстой гэж боддог. Миний хувьд дөрвөн жилийн өмнө “Агаа Эгээ” нэртэй хөтөлбөрийг хүмүүстэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд асрамжийн газрын хүүхдүүдэд сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлж, ах эгчтэй болгодог. Дэлхийн олон оронд ийм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнээс бид санаа авч хэрэгжүүлж эхэлсэн юм.

-“Агаа Эгээ” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүртлээ улсын хяналтад сурч, боловсордог. Харин насанд хүрсний дараа бие даан амьдрах шаардлагатай болдог. Энэ үед тэд олон чухал шийдвэрийг бие даан гаргах ёстой болдог ч зөвлөгөө авах, харилцан санал солилцох хүн байдаггүй. Ялангуяа ямар мэргэжилтэй болох уу, аль сургуульд орох уу, ямар хүнтэй найзлах уу зэрэгт шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Бид аав ээж, ах эгчтэйгээ зөвлөж шийдвэр гаргах боломжтой. Харин тэдэнд туслах хүмүүс байдаггүй болохоор буруу хүүхдүүдтэй нийлэх, сургуулиасаа завсардах, эрэгтэй хүүхдүүд архи тамхи хэрэглэх, эмэгтэй хүүхдүүд бэлгийн боловсролгүй учраас хүсээгүй жирэмслэх үр дагавартай байдаг. Тиймээс дөрвөн жилийн өмнө ах эгчтэй болохыг хүссэн асрамжийн газрын хүүхдийг сонгож, нийгэмд тодорхой ажил эрхэлж буй бие зөв авч яваа залуусыг сонгож хамтран ажилласан. Энэ хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлдэг. Эхний сард долоо хоног бүр ах эгч нь дүүтэйгээ уулзах ёстой. Дараагийн сар нь хоёр долоо хоногт нэг удаа уулзах зэргээр хөтөлбөрт оролцогчид санал бодлоо солилцож ах дүү, эгч дүү болдог. Уулзалтын дараа дүүгийнх нь сэтгэл санаа, амьдралын байдал ямар байгааг хөтөлбөрийнхөө удирдлагад мэдэгдэйх ёстой байдаг. Ингэж хүүхдүүд ах, эгчтэй болсноороо мэргэжлээ зөв сонгохоос гадна баяр ёслолыг ах эгчийнхээ гэр бүлд өнгөрөөдөг. Гэхдээ хөтөлбөрт хамрагдаж байгаа ах эгч нар дүүдээ ямар ч мөнгө өгөх ёсгүй. Зөвхөн сэтгэл санаа, зөвлөгөөгөөр ивээн тэтгэх ёстой байдаг юм.
- “Miss World”-д оролцохдоо та энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэн үр дүнгээс нь танилцуулах уу?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 200-гаад хүүхэд ах, эгчтэй болсон. Үүний дүнд олон хүүхэд амьдралынхаа анхны алхмыг зөв чиглүүлээд зарим нь амжилтад хүрээд явж байна. Одоо хүүхдүүд “Агаа Эгээ” хөтөлбөрийн талаар мэддэг болжээ. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд тодорхой хугацаанд хүлээдэг болсон байна. Учир нь, бүх хүүхдийг зэрэг ах эгчтэй болгох боломж байхгүй. Нөгөө талаар хүүхдүүдтэй холбож байгаа хүмүүсээ зөв сонгоход хугацаа шаардлагатай учраас тодорхой шалгуур тавих хэрэг гардаг. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чуулга уулзалт хийгээгүй. Тиймээс анхдугаар чуулга уулзалтаа ирэх сарын 5-нд зохион байгуулахаар болсон. Уулзалтад хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд оролцоно. Зарим хүүхэд маань энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийж байгаа. Энэ бол хэзээ ч дуусахгүй, жил болгон үргэлжлэх боломжтой, үр дүн нь цаашдаа ч гарах хөтөлбөр юм.

-Та хүмүүнлэгийн ажлаас гадна олон шалгуурт бэлтгэх шаардлагатай. Тэр дундаа хамгийн сайхан даашинзыг Монголын шилдэг дизайнеруудаар урлуулахаар болсон байх. Таны “Miss World”-д өмсөх даашинзыг хэн урлахаар болсон бэ?
-Гоёлын даашинзны шалгуурт манай тэргүүлэх дизайнерууд “Precious fashion house”, “O’Couture”- ийнхэн маш их дэмжиж байна. “Шилдэг дизайнер” номинацид “O’Couture”- ийн Д.Отгонжаргал урласан үдшийн гоёлын даашинзаараа оролцоно. Сүүлийн шатны шалгаруулалтад өмсөх даашинзыг “Precious fashion house” ивээн тэтгэж оролцохоор болсон.
-Үзэгчид тэмцээний авьяас номинацид ямар бүтээлээр хэрхэн оролцох талаар их сонирхдог. Та ямар бүтээлээр оролцохоор бэлтгэж байна вэ?
-Энэ номинацид би монгол бүжгийг каллиграфтай хослуулан хийдэг. Энэ удаад илбийн үзүүлбэрээ гэрлийн өнгөөр баяжуулах бодол бий. Гэхдээ одоогийн байдлаар бэлтгэл ажилдаа яваа учраас эцэслэн хэлэх боломжгүй байна.

-Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах тэмцээнд оролцож байгаа танд ямар хүмүүс зөвлөхөөр ажиллаж байна вэ?
-“Miss World”-ийн тэмцээнд Монголоос багаараа ажиллаж байгаа нь анхны тохиолдол гэж бодож байна. Манай багийнхан мэргэжлийн хүмүүс. Багаар ажиллаж байгаа болохоор үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна. Миссүүд өмнө нь тэмцээнд оролцохдоо таньдаг хүмүүстэйгээ холбогдож, найз нөхдөөсөө тусламж авдаг байсан. Энэ жил бидэнд “MAX” группийнхэн маш их тусалж, дэмжиж байна.
-Та титмээ хүлээн авахдаа “Монголоо сурталчлах зорилготой” хэмээн хэлсэн. Тэмцээний шалгаруулалтын явцад Монголоо хэрхэн сурталчлахаар төлөвлөж байна?
-Тэмцээнд амжилт гаргах нь тооны болон чанарын хувьд өөр гэж боддог. Мэдээж тэмцээний ялагч болох үнэхээр сайхан. Гэхдээ зүрх сэтгэлийн ялагч болно гэдэг бидний хамгийн том зорилго. Тиймээс Монгол гэдэг нэрийг алхам тутамдаа гаргаж соёл, түүх, ёс заншил гээд бүхий л зүйлээ тэмцээний үеэр сурталчлан харуулахыг хүсч байна. Ялангуяа видеогоор харуулна гэдэгтээ маш их итгэлтэй байгаа. Одоо ихэнх орны миссүүд тодорчихсон байгаа. Манайх цаг хугацааны хувьд миссээ сүүлд тодруулсан ч “Оройхон гараад ширүүхэн дайрна” гэж бодож байна.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (0)