Умард Солонгосын тэргүүн хатагтай хаачив

 

        Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эхнэр Ли Соль Жу олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй долоон сар болжээ. Түүний ийнхүү алга болсон шалтгааныг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хоёр шалтгаанаар тайлбарлаж буй. Орос, Япон, Өмнөд Солонгосын хэвлэлүүд Ли Соль Жуг бие давхар болсон болов уу гэж таамагласан бол барууны мэдээллийн агентлагууд Ким Жон Унтай гэр бүлийн зөрчил үүсгэсэн байх хэмээн бичих боллоо. Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын тэргүүн хатагтай өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Пхеньянд эрүүл мэндийн төвийн нээлтэд нөхрийн хамт оролцсноос хойш олны өмнө гараагүй аж. Тэрбээр 2012 онд 18, 2013 онд 22, 2014 онд 15, энэ жил зөвхөн гурван удаа олон нийтийн арга хэмжээнд нөхөртэйгээ оролцсон байна. Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эхнэр Ли Соль Жу удахгүй нярайлна гэсэн дүгнэлтэд Өмнөд Солонгосын сэтгүүлчид хүрчээ. Учир нь тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард олны өмнө гарахдаа хэлхгэр цувтай байсан бөгөөд гэдэс нь томорсон нь илэрхий байжээ. Улмаар БНАСАУ-ын тэргүүн хатагтай долоон сар гаруй олон нийтийн өмнө гараагүй ажээ. Хэдийгээр Ли Соль Жу хөл хүнд болсон гэдэгт Өмнөд Солонгосын сэтгүүлчид эргэлзэхгүй байгаа ч Пхеньяны зүгээс албан ёсны баталгаажуулсан мэдээлэл хийгээгүй юм. Өдгөө 31 настай тэргүүн хатагтай Ли Соль Жу Ким Ил Суны их сургуулийг төгссөн бөгөөд Ким Жон Унтай холбогдсоноос хойш дуулахаа больжээ. Харин түүний эцэг багш, ээж нь эмч мэргэжилтэй. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын таамаглаж буйгаар Ким Жон Ун Ли Соль Жутай 2009 оноос хойш үерхсэн байна. Тэд нэг хүүхэдтэй байж магадгүй гэнэ. Тэд Ли Соль Жу 2012 онд хоёр сараар алга болохдоо хүү төрүүлсэн гэж таамаглаж байгаа юм. Мөн хосуудыг 2010 онд анхны охиноо өлгийдөн авчээ. Тэдний охины талаар АНУ-ын сагсчин Деннис Родман “Охин нь ээж шигээ үзэсгэлэнтэй” гэж “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай. Умард Солонгосын удирдагч гэр бүлийн аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор хүүхэдтэй болсноо нууцалж байгаа юм. Харин барууны хэвлэлүүд Ли Соль Жуг БНАСАУ-ын харгис секторын золиос болсон байх вий хэмээн болгоомжилж байна. Учир нь тэрбээр улсынхаа нийгэмд гэрэл гэгээ авчирсан эмэгтэй төдийгүй Пхеньяны гудамжинд Ким Ир Сений хөрөг бүхий тэмдэг зүүлгүй гарсан Умард Солонгосын цөөн зоригтны нэг юм.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.38.98)

    2016-11-02

    yagaad temdegee zuudeggui zolig ve