Худал мэдээлэл тараасан этгээд болон сайтуудад арга хэмжээ авна
- 2016-11-02
- Нийгэм
- 0

“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гэв үү” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийж, нялх хүүхдийг ганц шил архиар зарах гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн хэлэхдээ "2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гэв үү” гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй байсан тул уг мэдээлэл дээр цагдаагийн байгууллагын албан хаагчид түргэн шуурхай ажиллагаа зохион байгуулж, тухайн мэдээллийг тараасан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайх, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Тухайн мэдээлэлд дурдагдсан иргэд мөн цагдаагийн байгууллагад хандсан байна.
Нялх хүүхдийг шил архиар солих гэж байна гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, тухайн мэдээллийг тараасан иргэн, мэдээллийн сайтуудад арга хэмжээ авч ажиллана гэдгийг мэдэгдлээ. Мэдээллийг анх тараасан этгээдийг хайх ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Уг хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар материалжуулан ажиллаж байна" гэлээ.
Б.Цэцэн

Сэтгэгдэл (0)