Б.Болор-Эрдэнэ: 120 мянга гаруй айлын хөнгөлөлтөд хамруулна
- 2016-11-03
- Үнэн
- 0

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны өнгөрсөн сарын 28- ны хуралдаанаар гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэ талаар ЭХЗХ-ны Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.БОЛОРЭРДЭНЭЭС тодрууллаа.
-Үнийн хөнгөлөлтөд хэчнээн айл өрх хамрагдах юм бэ?
-Хоёр тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө. Энэхүү хөнгөлөлтийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон 120 гаруй мянган айл өрх хамрагдах боломжтой. Хөнгөлөлт хүйтний улиралд буюу энэ сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Цагийн хувьд 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой юм.
-Эрчим хүчний салбарын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрх хамрагдана гэлээ. Үүнд хэчнээн аймаг багтаж байгаа бол?
-Улсын хэмжээнд эрчим хүчний үндсэн дөрвөн салбар байдаг. Тодруулбал, Дорнод эрчим хүчний системд зүүн бүсийн аймгууд хамрагдаж байгаа. Мөн Баруун, Өмнөд, Төвийн бүсийн эрчим хүчний систем бий. Төвийн бүсийн үндсэн сүлжээнд нийт 15 аймаг, Улаанбаатар хот орж байгаа.
-Өнгөрсөн жил шөнийн тарифын хөнгөлөлтийг арванхоёрдугаар сараас эхлүүлж байсан. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдлэх вэ?
-Өнгөрсөн жил арванхоёрдугаар сарын 1-нээс энэ хөнгөлөлтийг хэрэгжүүлж байсан. Энэ хооронд хэрэглэгчдэд нийт гурван тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн байдаг. Харин энэ онд нийт тав орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолж байна.
-Иргэд идэвхтэй хамрагдаж цахилгаанаа шөнийн цагаар илүү хэрэглэж байвал цаашид таван тэрбумаас илүү хөнгөлөлт эдлэх боломжтой юу?
-Ямар ч байсан 2016-2017 онд хөнгөлөгдөх үнийн дүн ийм байна. Цаашдаа хэрэглэгчид энгийнээс тарифт тоолуурт шилжээд гэр хорооллын иргэд илүү халаагуур хэрэглэж хэрэглээгээ зохицуулах тохиолдолд энэ дүн илүү өөрчлөгдөх нөхцөл байгаа.
-Хоёр тарифт тоолуургүй айл өрхүүд энэ тоолуураа хэрхэн яаж тавиулах вэ. Хэдий хэмжээний зардал гарах вэ?
-Айл өрх энгийн тоолуураас тарифт тоолуурт шилжих тохиолдолд өөрсдийн цахилгааны хэрэглээг харгалзаж хэдий хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтойгоо тооцох боломжтой. Ингэхдээ харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж тарифт тоолуураа хэрхэн, ямар тариф, журмаар тавиулах ёстой гэдгээ шийдвэрлүүлэх боломжтой. Жишээ нь, нийслэлийн хэрэглэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд хандаж тодруулж асуух боломжтой.
-Өрхийн хэмжээнд хоёр тарифт тоолуур тавиулж хөнгөлөлт эдэлснээр нэг айлын сарын төлбөр нь хэдий хэмжээгээр буурах боломжтой юм бол?
-Орон сууц, гэр хорооллын айл өрхийн аль нь ч байсан мэдээж 06.00-22.00 цаг хүртэл өдрийн, 21.00-06.00 цаг хүртэл шөнийн тарифаар төлбөрөө хийдэг. Харин хоёр тарифт тоолуур тавьж хөнгөлөлтөд хамрагдсанаар тухайн хэрэглэгчийн хэрэглээтэй уялдан дунджаар 20 орчим хувиар энгийн тоолууртай хэрэглэгчээс бага байх боломж харагдаж байна. Гэхдээ хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарч янз бүр гарна.
-Шөнийн тарифт хамрагдсанаар хэрэглээний хязгаарлалт бий юү?
-Шөнийн тарифын хөнгөлөлтөд ямар нэгэн хэрэглээний хязгаар зааж өгөөгүй. Энэ бол ямар ч хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэсэн байсан 50 хувиар хөнгөлөгдсөн тарифаар төлбөрөө хийнэ гэсэн үг.
-Үнийг 50 хувь хөнгөлснөөр хэдэн төгрөг болж хямдарсан бэ. Дараагийн жилүүдэд шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх үү?
-Гэр хорооллын хэрэглэгчид нэг кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болж байгаа юм. Мэдээж агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдэд тарифын хөнгөлөлтийг үзүүлэх зарчмын хүрээнд хөнгөлөлт үзүүлээд явбал илүү үр дүнтэй. Тиймээс цаашид үргэлжилнэ гэж харж байна.
-Эрчим хүчний салбар өөрийгөө санхүүжүүлдэг болсон. Энэ жилийн хувьд хэр алдагдалтай байна вэ?
-Энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар урьдчилсан дүн нь гарсан байна. Бүтэн жилийн дүн ирэх онд гарахаар байгаа. Гуравдугаар улирлын байдлаар эрчим хүчний салбар онцлогтой. Зуны улиралд орлого бага. Өвлийн улиралд орлого нэмэгддэг учир ихэнх томоохон компаниуд бага зэргийн алдагдалтай. Зарим компани алдагдалгүй төвшин харагдаж байгаа. Гэхдээ гол үзүүлэлт бүтэн жилийн дүнгээр харагдана.
М.Энх

Сэтгэгдэл (1)
ÐаÑангÑÑÑл (202.131.233.190)
гÑÑ Ñ Ð¾ÑоололÑн дÑнд байгаа дÑÐ»Ð°Ð°Ð½Ñ ÑÑгамгүй дан ÑÐ¾Ð³Ð¾Ð¾Ñ Ñ Ð°Ð»Ð°Ð°Ð»Ñ Ð°Ð²Ð´Ð°Ð³ айл Ó©ÑÑ Ò¯Ò¯Ð´ Ñагаад оÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ байгаа Ñм бÑ.үүнийг л Ñ Ð°Ð¼Ð³Ð¸Ð¹Ð½ Ð¸Ñ ÑÑÑ Ð´ÑÐ¼Ð¶Ð¸Ñ Ð±Ð°Ð¹Ñал оÑÑÑлаагүй байна.ÑаÑÑ Ð°Ð´Ð½Ñ Ð¾Ñон ÑÑÑÑÑÑд дан ÑÐ¾Ð³Ð¾Ð¾Ñ Ð°Ð¼ÑдаÑдаг ÑÒ¯Ò¯ дÑÑ Ò¯Ò¯Ð½Ð¸Ð¹Ð³ ÑÑÐ´Ð»Ð°Ð°Ñ ÑÑаагүй оÑон ÑÑÑÑ Ð³ÑÑд л байгаа байж Ó©Ð´Ó©Ñ Ñөнөгүй Ð±Ò¯Ñ Ð·Ò¯Ð¹Ð» ÑÑÑн ÑÐ¾Ð³Ð¾Ð¾Ñ Ð±Ð°Ð¹Ð´Ð°Ð³, ÐÑÑим Ñ Ò¯Ñний Ð·Ð¾Ñ Ð¸Ð¾ÑÑÑÐ»Ð°Ñ Ñ Ð¾Ñоо үүнийг Ð°Ð½Ñ Ð°Ð°ÑÑ Ð°Ð¶Ð¸Ð»Ð»Ð°Ñ Ñ ÑÑÑгÑÑй байна, ÑаÑалÑай