Л.Энхдэлгэр: 35.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдсэн
- 2016-11-08
- Эдийн засаг
- 0

Монголбанк ипотекийн найман хувийн зээлийн 481 хүсэлтийн 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Энэ талаар Монголбанкны Хэвлэлийн албаны мэргэжилтэн Л.ЭНХДЭЛГЭРЭЭС тодрууллаа.
-Ипотекийн 481 хүсэлтийн санхүүжилтийг шийдвэрлэсэн гэсэн. Санхүүжилтийг олгож эхэлсэн үү?
-Ипотекийн зээлийн журам шинээр батлагдсан. Уг журмын дагуу санхүүжилтийг олгож эхэлсэн. Эхний удаад долоо, наймдугаар сараас хойш цуглараад байгаа нийт зээлдэгчийн хүсэлтээс 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж банкуудад шилжүүлсэн. Тэгэхээр банкууд 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаагаад өөртөө цугларсан хүсэлтүүдээс олгоод явна.
-35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар эх үүсвэрээс шийдсэн бэ?
-Уг санхүүжилтийг зээлийн эргэн төлөлтөөр шийдсэн. Ерөнхийдөө долоодугаар сар хүртэл ипотек олгосон. Түүнээс өмнө олгосон нийт ипотекийн зээлийн эргэн төлөлтүүд тодорхой хэмжээний мөнгөн дүн болж цугларсан байгаа. Мөн Монголбанкны ипотекийн зээлээр баталгаажсан бондын зээлийн эргэн төлөлтүүдээр санхүүжүүлж байна. Цаашдаа ч эргэн төлөлтөөрөө санхүүжүүлнэ. Тухайн сардаа эргэн төлөлтөөр хэдий хэмжээний мөнгө орж ирнэ түүгээрээ эргүүлээд дараа сарын зээлээ санхүүжүүлэх хувилбар руу орж байгаа.
-Нэмэлт зээлийн хүсэлт хүлээж авах уу?
-Банкууд журмынхаа дагуу, өөрсдөдөө нийцэж байгаа зээлийн хүсэлтээ хүлээж аваад Монголбанкинд уламжилж үүний дагуу санхүүжилтийг шийдвэрлэнэ.
-Хүсэлт гаргасан хүн бүрт ипотекийн зээл олгох уу, эсвэл хязгаар бий юү?
-Ер нь нийт эх үүсвэр төдийлөн хангалттай бус байгаа. Дунджаар 90 гаруй тэрбум төгрөгийн хүсэлт сард ирдэг байсан бол сүүлийн саруудад харьцангуй буурсан. Тэр дүнтэй харьцуулахад бид эргэн төлөлттэйгөө уялдуулж сард дунджаар 25 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт олгоод явна. Энэ нь иргэдийн зээл шийдэгдэхгүй гэсэн үг биш. Магадгүй өмнө шийдэгдэж байсан хурдаасаа бага зэрэг удаж магадгүй. Гэхдээ л зээл бол гарна.
-Одоогоор 481 хүсэлтийн санхүүжилтийг шийдсэн гэж байгаа. Нийт хэчнээн зээлийн хүсэлт ирсэн бэ?
-Долоодугаар сараас хойш 120 тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирсэн. Түүнтэй дүйцүүлээд эхний ээлжид 35.8 тэрбум төгрөгийг шийдсэн байгаа.
-Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг цаашид хийх боломжгүйгээс Засгийн газар хариуцаж ажиллана гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Одоогоор албан ёсны тийм зүйл яригдаагүй байна. 2016 оны наймдугаар сард Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчингүй болсон. Үүнтэй холбоотой Засгийн газрын өмчлөлд шилжээд байсан ипотекийн зээлийн санхүүжилтийн өмчлөлийн эрх буцаад Монголбанкинд шилжиж ирсэн байгаа. Тэгэхээр цаашдаа Монголбанк хариуцаад явах байх. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сард батлагдсан. Үүний дагуу Монголбанк ипотекийн зээлээр баталагаажсан бонд болон бусад зээлийн өмчлөл, эх үүсвэрээ Ирээдүйн тэтгэврийн нөөц сан буюу Засгийн газарт шилжүүлээд байсан. Тэр хэвээрээ байсан бол Засгийн газар эх үүсвэрээ хариуцах байсан. Харин УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчингүй болсноор өмчлөл болон санхүүгийн холбоотой асуудал Монголбанкинд шилжиж ирээд байна.
М.Энх

Сэтгэгдэл (1)
ÐоÑин (202.9.42.133)
Ð¥Ñдалдаа Ñ Ó©Ð³Ð¶Ð»Ð¸Ð¹Ð½ банк оÑж байгаа болов ÑÑ?