Бондын мөнгийг замхруулсан оёдлын компаниуд хууль зөрчсөөр...
- 2016-11-11
- Нийгэм
- 0

“Чингис” бондыг тойрсон элдэв хууль бус зүйл сүүлийн үед ар араасаа илэрч гарах болсон. Тэгвэл энэ удаад “Батзүү” компанийн зөвлөх Ж.Оюунчимэг, “Батзүү” үйлдвэрийн дарга А.Оюунжаргал нарын хүмүүс энэ тухайд бас нэгэн баримт дэлгэж хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь 2013 онд “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газраас оёдлын үйлдвэрүүдийг дэмжих чиглэлд 23 тэрбум төгрөгийн зээл олгосон нь эхнээсээ хууль бус байсан учраас өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, уг мөнгө замхарч одсон тухай баримт дэлгэсэн юм. Мөнхүү зээл авсан нэр бүхий долоон компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгааг тэд уламжилсан. Үүнийг тодотговол “Чингис” бондын мөнгөнөөс оёдлын үйлдвэрүүдийг дэмжих зориулалтаар мөнгө олгохдоо хууль бус сонгон шалгаруулалт хийж, богино хугацаанд “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компанийг шалгаруулан нэг сар хүрэхгүй хугацаанд сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхээр тохирсон байдаг аж.
Ямар ч нөхцөлд энэ долоон компани нэг сарын хугацаанд 500 гаруй мянган хүүхдийн хувцас оёх боломжгүй гэдгийг тэд мэргэжлийн үүднээс тайлбарлаж байв. Тиймээс бондын мөнгө авсан компаниуд нэг сарын хугацаанд хаанаас ямар шугамаар оруулж ирснийг мэдэхгүй өндөр үнэтэй хувцас авахыг шахсан ажиллагаа явуулсан. Ингэхдээ яам тамгын газраар танилын хүрээгээ ашиглан зах зээлийг эзлэхийг оролдсон гэдгийг ч хэлж байв. Хэрвээ тус компаниуд зээл авсан дагуу үйлдвэрлэл явуулсан бол компанийн тайланд тусгагдсан тооцоо байх ёстой ч дээрх байгууллагуудад энэ үгүй байсан. Тиймээс энэхүү шударга бус зүйлийг зогсоохоор шүүхэд хандсан аж. Харин шүүхээс нотлох баримтуудыг үндэслэн 2013 оны долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хууль бус үйл ажиллагааг зогссон атал дээрх ААН-үүд өнөөдрийг хүртэл хууль зөрчин үйл ажиллагаа явуулсаар. Үүгээр ч зогсохгүй “Чингис” бондоос авсан зээлээ төлөөгүй. Төлөөгүй шалтгаанаа бусдад буюу “Батзүү” компанид хаяглах замаар захиалгат нэвтрүүлгийг удаа дараа телевизээр цацуулжээ.
“Батзүү” компани нь “Чингис “бондоос нэг ч төгрөг аваагүй бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд хоёрхон хувийг эзэлдэг байна. Гэтэл “Төмөр трейд” тэргүүтэй компаниуд “бид зээлээ эргэн төлөх нөхцөл алга. Учир нь Батзүү компани хятадаас хямд өртөгтэй хувцас оруулж ирж шахаж байна” гэх утга бүхий мэдээллийг олон нийтийн хэрэгслээр удаа дараа цацуулсан учраас “Батзүү” компани хэвлэлийнхэнд хандаж, улмаар хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шинээр байгуулагдсан Засгийн газраас хүссэн юм. Энэ үеэр “Батзүү” компанийн зөвлөх Ж.Оюунчимэг хэлэхдээ “Зөвхөн биднийг гүтгээд харлуулаад зогсохгүй Монгол Улс, БНХАУ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэв суулгахаар зүйл ч уг нэвтрүүлгээр дурдагдсан. Муу зүйл бүхэн хятадтай холбоотой мэтээр ойлголтыг төрүүлсэн зүйл нэвтрүүлгээс ажиглагдсан” хэмээж байв.
Тодотговол, шүүхээс БСШУЯ-ны 2013 оны долдугаар сарын 09-ны 4/3931 дүгээр албан бичиг, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын долдугаар сарын 16-ны өдрийн 1/2693 тоот албан бичгүүд буюу сурагчийн дүрэмт хувцас оёх борлуулах тушаалыг хүчингүй болгосон байдаг. Тиймээс шүүхээс нэгдүгээрт, зах зээлд цөөн компаниудад давуу эрх олгосон, хоёрдугаарт, өрсөлдөөнийг санаатайгаар хязгаарласан, гуравдугаарт, үнийг хэт өндөр болгон хуйвалдсан гэх дүгнэлтийг гарган тэдний үйл ажиллагааг зогсоосон юм. Гэтэл тэд шүүхийн шийдвэрийг үл ойшоон өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар. Явуулаад зогсохгүй бусдыг гүжирдсэн нэвтрүүлэг захиалгаар хийлгэж, бондоос авсан зээлээ төлөөгүй шалтгаанаа бусдад тохохыг оролдож сууна. Магадгүй өдгөөгөөс гурван жилийн өмнө хууль бусаар зээл авч, өнөөдөр хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа дээрх долоон компанийн тухайд өнөөдөр шинээр бүрэлдсэн Засгийн газар, салбар яам, агентлаг газрынхан мэдэхгүй байж болно. Тиймээс ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад анхаарал хандуулж, зах зээлийн зарчмаар шударга өрсөлдөх эрх зүйн орчин бүрдүүлж өгөхийг “Батзүү” компанийн зүгээс дуулгасан.
Дашрамд дурдахад “Шинэчлэлийн” Засгийн газрын үед тараагдсан “Чингис” бондын мөнгөний эргэн төлөлт муу, ямар шугамаар хэнд олгогдсон нь тодорхой бус байгаа учраас өдгөөгийн ХХААХҮЯ өөрийн салбар дагуу зээлээр олгогдсон бондын мөнгөнд шалгалт оруулж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгэхээр энэ мэт ААН-үүд хууль зөрчсөн атлаа улам хуулийн дээгүүр гишиглэж байгааг анхаарах нь лавтай.

Эцэг эхчүүд нэр бүхий компаниудаас мөнгө нэхэмжилж болно
Нэр бүхий долоон компани ийнхүү хууль бусаар зах зээлийг эзлэх гэж сүүлийн хэдэн жил оролдохдоо эцэг эхчүүд хүүхдүүдийг хамгийн ихээр хохироосон явдал юм. Уг нь сурагчийн дүрэмт хувцасыг 39000-49000 төгрөгөөр худалдан авч байсан эцэг эхчүүд тэдний үйлдвэрлэсэн гэх шахааны дүрэмт хувцасыг 76000-185000 төгрөгөөр худалдан авч хохирол амссан. Тиймээс эцэг эхчүүд энэхүү мөнгөний зөрүүг нэр бүхий компаниудаас нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дуулгах нь зүйн хэрэг. Энэхүү хууль бус явдалд хүүхдүүд хамгийн ихээр хохирсон. Аль болох хүүхдэд анхаарал хандуулж, өртөг зардал багатайгаар боловсрол эзэмшүүлэх гэсэн төрийн бодлогыг ч эдгээр компаниуд эсэргүүцсэн гэхэд болно.
Учир нь “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компанийг шүүхээс буруутайг нь тогтоогоод үйл ажиллагааг нь зогсоосон. Тодотговол, шүүхээс нэгдүгээрт, зах зээлд цөөн компаниудад давуу эрх олгосон, хоёрдугаарт, өрсөлдөөнийг санаатайгаар хязгаарласан, гуравдугаарт, үнийг хэт өндөр болгон хуйвалдсан гэх дүгнэлтийг гарган үйл ажиллагааг нь 2013 онд зогсоосон. Гэтэл дээрх компаниуд сүүлийн гурван жилд ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг баримтаар нотолж байна. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн нэхэмжлэх гаргах эрх нь нээлттэй байгаа шүү гэдгийг дуулгах нь зүйн хэрэг байх.
Н.Дөл

Сэтгэгдэл (2)
(202.9.40.184)
ene kompanyuudiig shalgay
orloi (202.126.89.199)
bondiin mungu buruu garaar orood dashin shog bolsoon ,hen ch medehgui gej bgaa baihdaa gevch meddeg humuus medeelel beldeed hend itgej uguhuu medehgui bn gesen ,tur maani iim l itgelgui humuuseer burddeg boljdee, adr tumen yaltai bileedee.