Манай цөөнгүй иргэн гадаадад ял эдэлдэг

 

        Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр энэ оны аравдугаар сарын байдлаар гадаадын 45 иргэн манай улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байхдаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тэдний олонх буюу 23 нь БНХАУ-ын иргэн байгаа юм. Мөн гадаадын 123 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны ихэнх нь Хятад /47/, БНСУ /13/, ОХУ /12/-ын иргэн байна гэж мэдээллээ.

 

Үүнээс гадна манай улсын иргэд ч гаднын улс оронд сурч ажиллаж, зорчихдоо гэмт хэрэг үйлдэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байна. Хамгийн сүүлд Францын нийслэл Парис хотод нэгэн монгол эмэгтэй бусдад хутгалуулж, амь насаа алдсан бол түүний нөхөр тус хотын Цагдаагийн газарт саатуулагдаж байх үедээ амиа егүүтгэсэн тухай ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв. Тус газрын захирал Ц.Ариунболдоос гадаадад байгаа монгол иргэдтэй холбогдох зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Одоогоор хилийн чанадад суугаа монгол хэчнээн иргэн, ямар төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар Монголын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, 169 нь 15 улс оронд ял эдэлж байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Тэдний ихэнх нь бусдын эд зүйлийг хулгайлах, согтуугаар танхайрах, авто зам тээврийн осолд өртөх зэрэг гэмт үйлдэлд холбогдсон байдаг.

 

-Ямар улсад олон иргэн байна, тэр хэмжээгээр гэмт хэргийн гаралт нэмэгддэг байх?

 

-Тийм тоо ажиглагддаг. Тухайлбал , БНСУ-д манайхан олноор оршин сууж, ажилладаг. Дараа нь Хятад, ОХУ, Казахстан зэрэг орон байна. Эдгээр улс оронтой иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар жил бүр зөвлөлдөх уулзалт хийдэг юм. Саяхан БНХАУ-тай уулзалт зохиосон бол энэ сарын 23-нд Казахстаны талтай уулзаж ярилцана.

 

-Сүүлийн үед монголчууд гаднын улс оронд амь насаа алдах тохиолдол нэмэгдээд байх шиг санагддаг. Та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

 

-Энэ он гарснаас хойш монгол 56 хүн хилийн чанадад нас барсны олонх нь өвчний учир эмчилгээнд явсан иргэн байдаг. Мөн авто осол болон гэмт хэргийн улмаас зуурдаар өнгөрөх явдал ч гарч байна. Өмнөх онуудтай харьцуулахад энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаад бид зовниж л байна. Тиймээс иргэддээ гадаад улс оронд зорчихдоо биеэ хэрхэн авч явах, тодорхой хугацаагаар амьдарч ажиллах бол тухайн улсын хууль, дүрэм журмыг биелүүлж байх талаар зөвлөгөө, санамж өгч байна. Мөн аливаа улс оронд хууль бус /манайхан “хараар” гэж ярьдаг/-аар оршин суугчдынхаа тоог багасгаж гэмээнэ хууль ёсоор зорчих иргэдийн тоог нэмэгдүүлж, тэдэнд хандах хандлага, харьцаа ч өөрчлөгдөх юм. Одоогоор БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа манай улсын иргэд цөөнгүй байдгаас Элчин сайдын яам нь визнийхээ нөхцөлийг сулруулахгүй байна шүү дээ. Энэ нь тус улсад зорчих хүсэлтэй бусдынхаа боломж, эрхийг хязгаарлаж байна гэдгийг холбогдох яам, байгууллага төдийгүй ард иргэд ч ойлгомоор байгаа юм.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)