Афинд Б.Обамагийн айлчлалыг эсэргүүцсэн жагсаал боллоо

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Грект айлчлах үеэр нийслэл Афин хотын төвд олон нийтийг хамарсан үймээн дэгдсэн талаар “Euronews” агентлаг мэдээллээ. Б.Обама өнгөрсөн даваа гаригаас зургаан өдрийн хилийн чанад дахь айлчлалаа эхэлсэн юм. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр Ерөнхийлөгч Грект хийж буй энэ удаагийн айлчлалаараа 177 хувь буюу 428 тэрбум еврод хүрээд буй Грекийн их өрийн асуудлыг голчлон хэлэлцэж, анхаарна гэж байсан билээ. Ерөнхийлөгч Барак Обамаг Грекийн Ерөнхий сайд Алексис Цифрас хүлээн авсан бөгөөд тус улсын зүүний хүчнийхэн Б.Обамагийн айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Тэд 1973 онд Грекийн цэргийн эргэлт, оюутны бослого хөдөлгөөнийг Вашингтоны дэмжлэгтэйгээр хүч хэрэглэн дарсан ой болохоос хоёр хоногийн өмнө Америкийн төрийн тэргүүн айлчилж байгааг уулзалтын үеэр онцолсон байна. Афины төвд эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг цагдаа, хүчний байгууллагынхан хориглож, нэмэлт хүч гаргасан байна. Гэвч эсэргүүцэгчид Политехникийн их сургуулиас Америкийн Элчин сайдын яам хүртэл жагсацгаажээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар жагсаалд 4000 гаруй иргэн оролцсон бөгөөд ноцтой бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэнэ.Жагсаалд оролцогчдын зарим нь “Стадиу Америк” гудамжны уулзвар дээрх цагдаа, тусгайгийнхны хамгаалалтыг нэвтлэхийг оролдсоноос уг үймээн дэгдсэн аж. Үймээн даамжирч, эсэргүүцэгчдийн тоо нэмэгдэхэд цагдаагийнхан тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Тэд хууль сахиулагчид руу чулуу, шатагч шингэн бүхий шил шидэлж байсан төдийгүй цагдаа нарыг бороохой ашиглан зодож эхэлсэн байна. Тиймээс үймээн дэгдээсэн хэд хэдэн хүнийг саатуулан хорьсон гэнэ. Түүнчлэн жагсаалд оролцогчид “Хамгаалагч хэрэггүй”, “Янкууд нутаг руугаа буц” гэсэн үг бичсэн самбар өргөжээ. Ерөнхийлөгч Барак Обама Грекийн айлчлалын дараа Герман болон Перуд айлчлах юм. Тэрбээр Германы төрийн тэргүүн Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзалт, хэлэлцээ хийх юм байна. Мөн Перуд айлчлах үеэрээ нийслэл Лима хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцож энэ үеэр Хятадын удирдагч Си Зиньпин, Австралийн Ерөнхий сайд Мальколм Тюрнбуллтэй уулзахаар төлөвлөжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)