ХДХВ-ийн халдвартай 38 сая хүн амьдарч байна

 

        Өнгөрсөн оны байдлаар дэлхийн хэмжээнд хүний дархлал хомсдолын вирусийн халдвар авсан 38 сая хүн амьдарч байна гэж Намиби улсын нийслэл Виндхук хотод танилцуулсан НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн тайланд дурджээ. Уг тайланд тэмдэглэснээр, дэлхийн хэмжээнд ХДХВ-тэй 38 сая хүн амьдарч байгаагийн 18 сая орчим нь эмэгтэйчүүд аж. Тэдний 1.8 сая нь 15 доош насны хүүхдүүд гэнэ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд ХДХВ-ийн халдвар авсан хоёр сая гаруй тохиолдол шинээр бүртгэсний 150 мянга нь 15-аас доош насны хүүхдүүд байсан талаар онцлон тэмдэглэжээ. 2015 онд ХДХВ-тэй холбоотой өвчнөөр 1.1 сая орчим хүн, тэдний дотор 15-аас доош насны 110 мянган хүүхэд нас барсан байна. Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудад өнгөрсөн онд ХДХВ-ийн халдвар авсан 5700 тохиолдол өдөр тутам шинээр бүртгэдэг байжээ. Харин энэ оны зургаадугаар сарын байдлаар ХДХВ-ийн эмчилгээнд 18 сая хүн, тэдний дотор 910 мянган хүүхэд хамруулсан байна. Тайланд “ХДХВ-тэй тэмцэх хүчин чармайлтад ахиц дэвшил гарсаар байна. 2020 он гэхэд ХДХВ-тэй 30 сая хүнийг эмчилгээнд хамруулах зорилт тавьсан” гэж онцолжээ. Халдвар авсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсээр байгаа хэдий ч ХДХВ-тэй өвчтөнг эмчлэхэд ахиц дэвшил гарсаар байна гэж НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе хэлсэн байна. Тухайлбал, 2000 онд ХДХВ-ийн 3.2 сая тохиолдол шинээр байсан бол 2015 гэхэд 1.5 сая болж буурчээ. Тэгвэл 2020 он гэхэд энэ тоо 0.5 сая болж буурах төлөвтэй байгаа аж. ХДХВ-ийн улмаас нас барсан хүний тоо ч 2020 он гэхэд 0.5 сая болж буурах төлөвтэй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)