Виктор Орбан: Унгар улс дахин цагаач авахыг хүсэхгүй байна

 

        Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны “Telegraph” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камеронтой сайхан харилцаатай байсныг тань мэдэх юм байна. Шинэ Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзсан гэж сонссон. Уулзалт хэр болов?

 

-Төсөөлснөөс ч илүү сайн болсон. Хоёр өөр үеийн цэргүүд нэг дайнд оролцож байгаа мэт сэтгэгдэл төрсөн.

 

-Д.Камерон Брекситийн болон Евро бүсийн цагаачлалын асуудалд Ерөнхий сайд Терезе Мэйгээс илүү прагматик ханддаг байсан. Тереза Мэйгийн үзэл баримтлал таныхтай хэр нийцэхээр байна вэ?

 

-Хуучин, шинэ хоёр ерөнхий сайдад өөр өөрийн гэсэн онцлог, ялгаа бий. Тэд цагаачлалын асуудалд эсрэг байр суурьтай буюу хоёул ижил баримтлалтай байсан. Миний хувьд ч ялгаагүй Европын холбоонд хамааралгүй иргэн энэ бүс нутаг руу нэвтрэх нь буруу зүйл гэж үздэг. Унгар улс дахин цагаач авахыг хүсэхгүй байна. Тэд хэдий Европод хөлөө олж, суурьшиж чадлаа ч эх орон шигээ сэтгэл зүрхээ зориулж чадахгүй болов уу. Цагаач л бол цагаач. Их Британи, Унгар аль алинд нь хууль бусаар хил нэвтрэх нь гэмт хэрэгт тооцдог. Учир нь, тухайн улс орны тусгаар тогтнол, төрт ёстой холбоотой. Т.Мэй бид хоёр энэ удаагийн уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон. Сүүлд хийсэн судалгаанаас харахад Их Британид Унгарын 95 мянган иргэн суурьшсан байдаг. Миний хувьд ямар ч нөхцөлд тэдний эрх зөрчигдөх ёсгүй гэдгийг онцгойлон сануулсан. Т.Мэй ч үүнийг эергээр хүлээн авч улс хоорондын харилцааг өргөжүүлнэ гэдгээ амласан. Тэгэхээр бид хоёр улсын хоорондын үзэл баримтлалд ижил байр суурьтай байдаг учраас нийцнэ гэж бодож байна.

 

-Түүний хувьд хууль бус цагаачдын урсгалд хязгаарлалт тогтооно гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч гаднаас ирэх цагаачид Европын холбооны эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж байгаа нь авцалдаагүй санагдаж байна. Түүний мэдэгдлийн талаарх таны бодлыг сонсч болох уу?

 

-Европын улс орнуудын удирдагчид холбооны газар нутгийг чөлөөт худалдааны бүс болгох сонирхолтой байдаг. Манай улсад байдаг Их Британийн компаниудад Унгарын 50 мянга гаруй иргэн ажилладаг. Их Британитай импорт, экспортын тал дээр харилцаа сайжирч, өргөжин тэлж байгаа. Энэ нь бизнесийн салбарынхны л ач. Тиймээс бид чөлөөт худалдаатай холбоотой асуудалд зоосны нэг талыг харахыг хүсэхгүй байна. Тэнцвэрийг олохыг л чухалчилж байна. Миний хувьд Брексит ч тэр Европын холбоотой хамааралтай бүх асуудалд хатуу эсвэл зөөлөн арга барилаар ажиллана гэсэн ойлголт байдаггүй. Шударга л хандах хэрэгтэй.

 

-Тун удахгүй АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээж авч, албан ёсоор Цагаан ордны тэргүүн болно. Евро бүсийн удирдагчдаас түүнийг дэмждэг цөөн хүний нэг нь та байх. Өмнө нь нэгэн хэвлэлд Д.Трамп төрийн тэргүүн болсноор Унгар болон Европын холбоонд эергээр нөлөөлнө гэж байсан. Хэрхэн эергээр нөлөөлөх талаар тайлбарлаж өгнө үү?

 

-Барууны ертөнц либерал бус ардчиллын нийгэмд аж төрж байна. Үүнийг халснаар бие даасан улс төрийн хэлтэй болж, дэлхийд өрсөлдөх чадвар ч сайжирна. Аливаа зүйлд бодитоор ханддаг болно гэсэн үг юм. Нийгэм солигдсоноор иргэдэд бодитой үзэл бодол, хандлага тогтоно. Үүнд цагаачдын асуудал ч мөн хамааралтай. Энд тогтвортой суурьшиж чадсан ч тодорхой бус амьдардаг, чадаагүй нь барууны ертөнцийг улам л тогтворгүй болгож байна. Д.Трамп цагаачдын асуудалд эсрэг байр суурьтай байдгийг бүгд мэднэ. Харин Хиллари Клинтон Европыг зовоож байсан цагаачид соёлын нөлөөг нэмэгдүүлдэг гэж үздэг нэгэн төрийн бус байгууллагыг дэмжиж ажилладаг байсан. Миний хувьд Америкчууд Д.Трампыг ерөнхийлөгчөөр сонгосонд хүндэтгэлтэй хандаж байгаа учир нь Д.Трамп бидэнд болон Европын гадаад бодлогод эерэг нөлөөтэй. Бид түүний засаг захиргааны үе эхэлсэнээр “экспортолж оруулж ирдэг ардчилал”-ын үе дуусна гэж найдаж байна. Ийм ардчилал нь олон бүс нутгийг тогтворгүй болгосон.

 

-Тереза Мэйтэй уулзаж байх үед тэр танд Доналд Трампын талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн үү?

 

-Тереза бол сэтгэл хөдлөлдөө автаж хэн нэгний тухай сонирхуулж хуучилдаг хүн биш. Их Британи бусад улс орны бүрэн эрхт байдалд хүндэтгэлтэй ханддаг. Тиймээс Т.Мэй Д.Трампын талаар түрүүлж үг дуугарахгүй гэж бодож байна.

 

-Хэрэв Д.Трамп БНХАУ-ын эсрэг худалдааны дайн эхлүүлбэл тухайн улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Д.Трамп бизнесийн хүн учраас дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахыг зорьдог байх. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Хятад Европод оруулсан шууд хөрөнгө оруулалтаараа толгой цохидог хүчирхэг улс. Ойролцоогоор 3.7 тэрбум еврод хүрч байгаа байх. Унгарчуудын хувьд чөлөөт худалдааны бүсэд дэмжлэг авахыг зорьдог.

 

-Та шинэчлэлийн талаар онцгойлон авч үздэг. Ямар шинэчлэлийг хэрэгжүүлэхийг хүсдэг вэ?

 

-Эхний ээлжид цагаачдын урсгалыг цэгцэлмээр байна. Европын хөдөлмөрийн зах зээл, хүн ам зүйн асуудлыг цагаачдаар шийдэх ёстой гэсэн дүрэм байдаг ч бид үүнийг дэмждэггүй. Хоёрдугаарт, үнэ цэнэтэй гадаад бодлоготой болмоор байна. Бид гадаад бодлогод илүү прагматик хандах ёстой. Мөн Европын холбооны эдийн засгийн зохицуулалт хэтэрхий хүнд сурталтай байгаагаас эдийн засаг зогсонги байдалд орсон. Энэ тал дээр дорвитой алхам хийж шинэчлэхийг хүсдэг.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)