Фидель Кастро таалал төгсчээ

 

        Куба улсын удирдагч асан, Коммунист хөдөлгөөний эцэг хэмээдэг Фидель Кастро 90 насандаа таалал төгссөн талаар тус улсын Засгийн газрын телевизээс мэдээлсэн байна. Хувьсгалын эцэг гэгддэг Фидель Алехандро Кастро Рус нь 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубын Орьенте мужийн Биран сууринд тариалан эрхлэгч, газрын эзний гэрт мэндэлжээ. 1945 онд Хаваны их сургуульд хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж байх үеэсээ л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Тэрбээр Кубын дарангуйлагч, АНУ-ын улс төрийн бодлогыг дэмжигч Фульхенсио Батистын харгис дэглэмийн эсрэг тэмцэл өрнүүлж 1953 онд Монкада хуаран эзлэх хөдөлгөөнийг тэргүүлж, шүүхээр яллагдсан ч удалгүй чөлөөлөгдсөн юм. Үүний дараа Мексикт очин бослогод бэлтгэж байгаад 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлжээ. 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж, дарангуйлагч Фульхенсио Батистаг огцруулан засгийн эрхийг булаан авчээ. 1965 онд Фидель Кастро Кубын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож, Куба улсын ганц намын тогтолцоотой социалист улс болгожээ. 1976-2008 онд Кубын төрийн зөвлөл, Кубын сайд нарын зөвлөлийг тэргүүлж, нэгэн зэрэг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажилласан юм. 2008 оны хоёрдугаар сарын 19-нд Фидель Кастро Ерөнхийлөгчийнх нь ээлжит бүрэн эрхийн хугацаа дуусахаас тав хоногийн өмнө дахин улиран сонгогдохоос татгалзаж байгаагаа зарласан. Тав хоногийн дараа түүний дүү Рауль Кастрог Кубын Үндэсний ассамблейн шинэ удирдагчаараа сонгожээ. Тэрбээр бүрэн эрхээсээ татгалзахдаа “Би төрийн албыг орхисон ч та бүхний үзэл суртлын зэвсэг хэвээр үлдэнэ” хэмээн бичиж байжээ. Харин 2011 оны дөрөвдүгээр сарын 19-нд Фидель Кастро Куба улсын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргын суудлаа орхиж, бүрэн эрхээ дүү Рауль Кастродоо шилжүүлсэн байна. Судлаачдын тогтоосноор Кастрог хороох гэсэн оролдлого 638 удаа гарч байжээ. Энэ халдлага, хуйвалдааны ард АНУ-ын Засгийн газар, Америкийн улс төр бизнесийн бүлэглэлийнхэн, түүнийг эсэргүүцдэг Кубачууд байсан аж. Үүнээс нь үүдэн “Хамгийн олон удаагийн халдлагаас амьд үлдсэн хүн”-ээр тодруулж Гиннесийн номд бүртгэсэн байна. Дэлхийн олон улс орны төр засгийн тэргүүнүүд түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж байгаа юм. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ухаалаг хүчирхэг энэ эр хүн үргэлж ирээдүйг хардаг байсан” хэмээжээ. Түүнчлэн хоёр орны хоорондын найрсаг харилцааг онцлон тэмдэглээд “Улс төрд бүхий л амьдралаа зориулсан эх оронч иргэн байсан. Түүний амьдрал, үүх түүх Оросын ард түмний сэтгэлд үүрд мөнх мэт амьдрах болно” хэмээсэн байна. Харин БНХАУ-ын дарга Си Зиньпин Хятадын төв телевизээр дамжуулсан мэдэгдэлдээ “Энэ үеийн, өнгөрсөн түүхийн хамгийн агуу хүн” хэмээн тодорхойлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч эмгэнэлээ илэрхийлэн хоёр орны найрсаг харилцааг онцлон “Кубын ард түмэн АНУ үргэлж та бүхний найз нөхөд байх болно гэдгийг мэдэх хэрэгтэй” хэмээв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн цахим хуудастаа “Бидний дотнын анд, аугаа удирдагчийн минь амийг авч одлоо. Тэр бол XX зууны хамгийн гайхалтай, түүхэн хүний нэг байсан юм” хэмээгээд гашуудаж буйгаа мөн уламжилжээ. Үүнээс гаднай Өмнөд Африк, Швед, Венесуэль, Франц зэрэг олон орны төрийн тэргүүн гашуудлаа илэрхийлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)