Ө.Ариунжаргал: Зээлээ төлсний дараа банкаа сонгох эрхийг нь нээнэ

 

        Тэтгэвэр авагчид банкаа өөрөө сонгох боломжтой болж, эрхийг нь баталгаажуулж өгсөн билээ. Харин банкнаас банк хооронд хэрхэн шилжих болон банкны зээлтэй иргэд яах вэ гэсэн асуултад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын мэргэжилтэн Ө.АРУИНЖАРГАЛЫН хариулсныг хүргэе.

 

-Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг гэх тооцоо бий. Ер нь тэтгэвэр авагчид банкаа сонгохдоо ямар бичиг баримт бүрдүүлж, эхлээд хаана хандах ёстой вэ?

 

-ХНХ-ын сайд Н.Номтойбаяр тэтгэвэр авагчид банкаа сонгох эрхийг баталгаажуулсан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүний дагуу манай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын журам гарч, хэрэгжүүлэх ажил өрнөж байна. Шинээр тэтгэвэр авах иргэд энэ сарын 15- наас эхлэн банкаа өөрөө сонгох эрх нь нээгдсэн. Харин өмнө нь тэтгэвэр авч байсан иргэдийнх ирэх сарын 15-наас эрх нь нээгдэх юм. Шинээр тэтгэвэр авагчид материалаа бүрдүүлж өгөхдөө өргөдлийн маягт дээр мөнгө хүлээн авах банкаа бичнэ. Түүний дагуу банк нь баталгаажна. Гэтэл өмнө нь тэтгэвэр авч байсан иргэд ирэх сарын 15-наас харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст очиж хүсэлтээ гаргана. Тэгэхдээ тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж өргөдлийн маягт бөглөнө. Зарим иргэд баталгаажих эрх нь нээгдээгүй байхад банкин дээр очиж чирэгдэл учруулж байгаа талаарх мэдээлэл олонтаа ирж байна. Тиймээс эхлээд харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж банкаа сонгох эрхээ баталгаажуулах шаардлагатай.

 

-Зээлтэй ахмадууд банкаа хэрхэн сонгож үйлчлүүлэх вэ. Эсвэл зээлээ төлж дуусгасны дараа банк сонгох эрх нь баталгаажих уу?

 

-Энэ талаар заавар, журамд тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, нэг гэрээ дуусгавар болж байж дараагийн эрх нээгдэнэ. Энгийнээр ойлгоход зээл авахдаа тухайн иргэн банктай гэрээ хийсэн байж таарна. Энэ гэрээний асуудлаа бүрэн цэгцэлсний дараа банк сонгох эрх нээгдэнэ. Хэрэв зээлдэгч боломж, бололцоо нь байгаад зээлээ хугацаанаасаа өмнө төлж дуусгавал дараагийн банкаа сонгож үйлчлүүлэх эрх бүрэн нээгдэх юм.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)