Газар доорх сургуульд 250 хүүхэд сурч байна
- 2016-11-29
- Дэлхий
- 0

Сирийн бүслэлтэд бүс нутагт хагас сая хүүхэд амьдарч байна хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ. Хүүхдийн сангийн мэдэгдэлд тэмдэглэснээр “Сирийн бүслэлтэд 16 бүс нутагт ойролцоогоор 500 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Уг тоо сүүлийн нэг жилд хоёр дахин өссөн. Алеппо мужид гэхэд 100 мянган хүүхэд байгаа юм” гэжээ. Түүнчлэн “Тэдгээр газарт эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хязгаарлагдмал ертөнц бүрдэж байна. Зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд байшин барилгын доод хонгилд хүүхдүүд тоглох, сурах, эмнэлгийн тусламж авах шаардлагатай байна. Бүслэгдсэн дүүргийн нэгд сайн дурынхан байшингийн доод хэсгийн хонгилыг нийлүүлж газар доорх тоглоомын талбай хийсэн. Өдөрт энэ талбайд 200 гаруй хүүхэд ирж тоглодог. Өөр нэгэн бүсэд газар доорх сургуульд 250 охин суралцаж байна” хэмээн бичсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн захирал Энтони Лэйк хэлэхдээ “Амьдрал нь төгсөшгүй там болсон сая гаруй хүн Сирид аж төрж байна. Сурч боловсрох бүү хэл амьдрах, амьсгалахын төлөө хүүхдүүд тэмцэж байна” хэмээгээд зургаан жилийн турш үргэлжилж буй зөрчлийг зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг нэн даруй оруулахыг уриалжээ.

Сэтгэгдэл (0)