ДОХ-ын 214 тохиолдлыг бүртгэжээ
- 2016-12-01
- Нийгэм
- 0
ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Монгол Улс 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд “Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриаг ЭМЯ-аас гаргажээ. Энэ өдрийг угтаж өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад мэдээлэл түгээх, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжих, дуу хоолойг нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах юм байна. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Улаан тууз” эмнэлэг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн БЗДХын кабинетууд өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш уртасгасан цагаар ажиллаж, шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх юм байна. Монгол Улсад одоогоор ДОХ-ын 219 тохиолдлыг бүртгэжээ. Үүний 62 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Мөн нийт тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан бөгөөд нас баралтын тохиолдол 35 бүртгэгдсэн талаар ЭМЯ-ны цахим мэдээлэлд дурдсан байна. Энэ нь ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага буюу халдварын тархалт багатай орон гэсэн ангилалд багтаж буйг дурдаад, Монгол улс НҮБ-д амласан амлалтаа биелүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, халдварыг цусаар болон эхээс урагт дамжуулахгүй байхад анхаарч ажиллалаа” цаашид олон нийтэд ХДХВээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгааг тогтмол явуулж, 2030 он гэхэд шинэ тохиолдол гаргахгүй байхад анхаарч ажиллана гэжээ. Дэлхий дахинаа ХДХВ-ийн халдвартай 36.7 сая хүн амьдарч байна гэсэн статистик мэдээ байна. 2015 он гэхэд нэг жилийн дотор 2.1 сая хүн дохын халдвар шинээр авч, уг өвчний улмаас 1.1 сая хүн нас барж, 17 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаж байна гэсэн тоо баримт байна.
Т.Дуламжав

Сэтгэгдэл (0)