Ирэх онд дэлхийн эдийн засаг 3.3 хувиар өснө
- 2016-12-02
- Эдийн засаг
- 0

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн эдийн засгийн ирэх оны төлвийн талаар мэдээлэл хийсэн байна. Тус мэдээлэлд ирэх оны дэлхийн эдийн засаг Доналд Трампын засаг захиргааны төлөвлөж буй татварын бодлого, дэд бүтцийн салбарт оруулахаар тооцож байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээс шалтгаалж нэмэгдэх хандлагатай байгааг онцолжээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар хагас жилийн байдалтай харьцуулан тооцоолоход ирэх онд дэлхийн засаг 3.3 хувийн өсөлттэй байх бол 2018 онд 3.6 хувиар нэмэгдэх магадлалтай байгаа аж. Парист төвтэй уг байгууллагын төлөөлөгчийн хэлж буйгаар дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУын эдийн засгийн төлвийн хувьд бусад орноос илүү өөдрөг төсөөлөлтэй байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын байдалтай харьцуулахад ирэх онд тус улсын эдийн засаг 0.2 хувиар нэмэгдэж 2.3 хувь болох бололтой. Харин 2018 онд гурван хувиар өсөх төлөвтэй байна гэж үзжээ. Хэрэв гурван хувьд хүрч чадвал энэ нь тус улсын хувьд 2005 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болох юм. Цагаан ордны шинэ тэргүүн Доналд Трампын танилцуулсан эдийн засгийн зорилт, төлөвлөгөөнд тусгасан чинээлэг иргэдийн болон аж ахуйн нэгжийн татварыг бууруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого нь дотоодын төдийгүй дэлхийн эдийн засагт эергээр нөлөөлнө хэмээн дүгнэсэн байна. Д.Трампын шинэчлэлийн багийнхан дэд бүтцийн салбарт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээгээд байгаа бөгөөд батлан хамгаалах салбарт ихээхэн хөрөнгө зарцуулах тухай мөн ярьж байгаа юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хувьд дэлхий даяар эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжүүлж, бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг мөн онцолсон байна. Харин Их Британийн хувьд эдийн засгийн өсөлт нь “Гацаанд” орсон байгаа аж. Европын Холбооноос гарна гэсэн Их Британийн шийдвэр, хөрөнгийн зах зээлийн хувьсамтгай байдалтай холбоотойгоор үүссэн тодорхойгүй нөхцөлийн улмаас Их Британи болон Европын улсуудын эдийн засгийн өсөлт саарч магадгүй бөгөөд Төвбанкны зүгээс бодлогын хүү бууруулах алхам хийж тус улсын эдийн засгийн байдалд бага ч гэсэн эерэг нөлөөлж болох юм гэжээ. Тиймээс тус улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг хоёр, ирэх оныхыг 1.2 хувь болгосон байна. Өмнө нь ОУВСгаас хэрэв Их Британи Европын холбооноос гарвал тус улсын эдийн засаг ирэх онд 0.8 хувиар буурч магадгүй гэж анхааруулж байсан билээ. Манай урд хөрш БНХАУын хувьд 35 гишүүнтэй уг байгууллагад харьяалагддаггүй юм. Гэсэн ч дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий тус орны эдийн засаг хүлээгдэж байснаас харьцангуй удаан байгаа нь бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарахад голлох нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 6.9 хувь байснаа энэ онд 6.7 хувь, ирэх онд 6.4 хувьд хүрч саарах урьдчилсан төлөв гарчээ. Тус улсын эдийн засаг удааширч, өсөлт нь 6.5 хувиас давж чадахгүй байгаа нь Хятадын эдийн засагт үзүүлэх төр засгийн болон мөнгөний бодлогын нөлөө гэж тайлбарлах шинжээчид ч олон байдаг юм. Хэдий буурсан үзүүлэлт гарч байгаа ч АНУ, Их Британи зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай орноос өндөр үзүүлэлттэй байна. Сүүлийн зургаан жилд бараг дөрөв дэх хямралынхаа нүүрийг үзэж буй Японы эдийн засаг өнгөрсөн оноос эхлэн сэргэсэн. Тэгвэл дэлхийн гурав дахь том эдийн засаг ирэх жилд нэг, 2018 онд 0.8 хувийн өсөлттэй байна. “Bank of Japan” инфляцийн төвшинг хоёр хувьд тогтоон барихын тулд мөнгөний бодлогоо сулруулах шаардлагатай гэж олон улсын байгууллага үзжээ. Евро бүсэд эдийн засаг ирэх онд 1.6, 2018 онд 1.7 хувиар өсөх магадлалтай байгааг мэдээлэлд дурдсан байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь төлөөллийн ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 35 гишүүн орноос бүрдэх олон улсын байгууллага юм. Тус байгууллагын ихэнх гишүүд нь өндөр орлоготой эдийн засагтай, хүний хөгжлийн индекс өндөртэй тэргүүлэгч орнууд байдаг ажээ.
А.Даваахүү

Сэтгэгдэл (1)
zaluu (202.9.40.132)
bodit amidral deer medregdsen tsagt ingej bichij yari daa