Н.Оюундарь: Эрүүл хооллож чадвал эм бэлдмэл хэрэггүй
- 2016-12-03
- Эрүүл мэнд
- 0
Зөв хооллолттын талаар “Ногоон гариг-Ногоон ирээдүй” ТББ-ын дэргэдэх “Veg” сургалтын төвийн захирал, хоол судлаач Н.Оюундарьтай ярилцлаа.
-Зөв хооллохыг хүссэн олон иргэн танай төвд ханддаг гэж сонслоо. Эрүүл, зөв хооллохын тулд хүн хамгийн эхлээд юуг анхаарах вэ?
-Манай “Veg” сургалтын төв 2008 оноос хүн амд зөв зохистой хооллолтын мэдлэг олгох, хоол хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлэх замаар таргалалт, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, бөөр болон хоол боловсруулах эрхтний өвчлөл, ясны сийрэгжилт зэрэг зонхилон тохиолддог өвчлөлийн эсрэг ажиллаж байна. Манайх зөв хооллолт, эмчилгээ сувиллын хоол, эх хүүхдийн хоол, ургамлан болон цагаан хоол гэсэн чиглэлээр сургалт явуулдаг. Манай сургалтууд тэнхим, ажлын байр, онлайн гэсэн гурван хэлбэрээр явагддаг. Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагууд ажиллагсдынхаа эрүүл мэнд, хооллолтод ихээхэн анхаарч зөв, зохистой хооллолтын талаарх онолын лекц, хоол хийх дадлагын хичээлтэй цогц сургалтыг их авах болсон. Энэ төрлийн сургалтын үр дүнд байгууллагын хоолны цэс болон чанарт өөрчлөлт орж, хамт олноороо хооллох зөв хэв маягийг төлөвшүүлэх боломж бүрддэг.
-Монголчууд зөв хооллох нь эрүүл мэндэд тустай гэдгийг мэддэг ч хэрэгжүүлэхдээ тааруухан. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юү?
-Хүн амын дунд амьдралын буруу дадал зуршил, хоолны буруу хэрэглээнээс шалтгаалсан өвчлөл, нас баралт нийт өвчлөлийн 80 хувийг эзэлж байна. Энэ нь хувь хүн, айл өрх, улс орны эдийн засагт их дарамт болж байгаа төдийгүй хайртай хүмүүсээ цаг бусаар алдаж байна. Эрүүл мэндийн энэ статистикийг өөрчлөхөд зөв хооллолт ихээхэн чухал. Учир нь хоол, хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчнөөс сэргийлэх, эмчлэх чухал арга зам болдог. ЭМЯны тайланд дурдсанаар монголчууд хоолоор авах нийт уураг, өөх тосны 80 гаруй хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авч, хүнсний ногоо, жимсний хэрэглээ бага байгаа нь халдварт бус өвчин үүсэх хүчин зүйл болж байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоногт 400 граммаас багагүй хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жинг хэвийн хэмжээнд барьж, архи, тамхины хэрэглээг багасгах зэргээр зан үйлийн буруу дадлыг өөрчилснөөр халдварт бус өвчнөөс сэргийлэх, ялангуяа хорт хавдрын тохиолдлыг гурав дахин бууруулах боломжтой. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр самрын найрлагад хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг. Энэ нь хүний хүний бие махбодид хуримтлагдсан хорыг цэвэрлэх, саармагжуулах, гэмтсэн эд эрхтнийг нөхөн төлжүүлэх, дархлааг дэмжих үйлчлэл бүхий биологийн идэвх бодисууд байдаг нь судалгаагаар нотлогдсон. Сүүлийн үед манайхан төрөл бүрийн хүнсний ногоо, жимс тарьж ургуулдаг болсон. Тэдгээрийг ашиглаж хоол хийх талаар сайн мэдэхгүй байгаа нь ажиглагдаж байна. Иргэдэд сургалт хийж байхад “Иргэдийг ажилтай, орлоготой болгох чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаад ногоо тарьж сурлаа. Сайхан ургаж байна. Гэсэн ч ургуулсан ногоогоороо хоол хийж мэдэхгүй болохоор хэрэглэж чадахгүй байна” гэдэг. Эндээс иргэдийн зөв зохистой хооллох, хоол хүнсээ зөв боловсруулж хэрэглэх мэдлэг дутмаг байгаа нь харагддаг. Энэ нь тэдний буруу биш. Харин бүх шатны боловсролын тогтолцоонд зөв хооллолт, хоол хүнсний зохистой хэрэглээний талаар мэдлэг олгох хөтөлбөр огт байдаггүйтэй холбоотой. Тиймээс хүн амд зөв хооллолтын боловсрол олгоход өөрийн хувь нэмэр оруулах зорилгоор сургалтын төв байгуулан ажиллаж байна.
-Хоол хүнсний зөв хэрэглээг хэвшүүлснээр таргалалт, зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, бөөр болон хоол боловсруулах эрхтний өвчлөл, яс сийрэгжилт зэрэг халдварт бус өвчин буурна гэж мэргэжлийнхэн хэлдэг. Та ч бас сая онцолсон. Харин энэ талаар төр, засгийн зүгээс ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Халдварт бус өвчнийг бууруулах талаар төр засаг анхаарч олон хууль дүрэм, хөтөлбөр боловсруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй. Үүний шалтгаан энэ бүхэн нь тунхаг байдлаар цаасан дээр бичигдээд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны менежмент нь тодорхойгүй болохоор зогсдог. Аливаа ажлыг амжилтад хүргэхэд оновчтой менежмент чухал. Нөгөөгүүр бүх шатны боловсролыг чанаржуулах тал дээр төр засаг онцгой анхаараасай гэж боддог. Ядуурал, өвчин эмгэг, ажилгүйдлын гол шалтгаан бол чанаргүй боловсрол юм даа.
-Эрүүлжүүлнэ, тураана гэсэн уриатай биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг хүмүүс нэгнийхээ амаар хяналтгүй хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Herballif гэх зэрэг олон бүтээгдэхүүнүүд бий. Судлаач хүний хувьд энэ бүтээгдэхүүнүүдийг судалж үзсэн үү, ийм бүтээгдэхүүнүүд үнэхээр үр дүнтэй юу?
-Эрүүл амьдралын тулгын гурван чулуу бол зохистой хооллолт, тохирсон дасгал хөдөлгөөн, буруу дадал зуршилгүй байх явдал. Сонсоход их энгийн хэрнээ хэрэгжүүлэхэд хувь хүнээс тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаардана, энд ямар ч нэмэлт зардал шаардахгүй. Эрүүл амьдрах сонголт, боломж, баталгаа нь хүнд өөрт нь өгөгдсөн байдаг. Хүмүүс үүнийг мэдэхгүй юм уу мэдсэн ч буруу дадал зуршилдаа хэт автсан байдаг болохоор эрүүл мэндээ алдахад хүрч таргалах, цусны сахар ихдэх, даралт ихсэх, өтгөн хатах, яс сийрэгжих гэх зэргээр гарын арван хуруундаа багтахгүй олон өвчин тоочих болсон. Энэ хэрээрээ эмнэлэгт очих иргэдийн тоо олширч, эм бэлдмэл худалдан авах зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулдаг. Хүмүүс нэг зүйлийг ойлгоосой гэж боддог. Хичнээн сайхан эмчилгээ хийлгэж, эм бэлдмэл хэрэглээд буруу хооллолттой, архи, тамхи зэрэг буруу хэрэглээтэй, хөдөлгөөний дуталтай бол таны зориулсан бүх хичээл зүтгэл ямар ч үр дүнгүй болно. Энэ нь шүүрэн шанагаар дүүрэн ус хутгах гэж оролдохтой адил зүйл. Жишээлбэл, гэдэс цэвэрлэх хэчнээн сайхан бэлдмэл хэрэглээд, тураах хэчнээн сайн арга хэрэглээд хоолны сонголт, хэрэглээ буруу бол хэсэг хугацааны дараа асуудалтайгаа эргээд тулгарна. Хүмүүс цоо эрүүл болгох ямар нэг ид шидтэй эм бэлдмэл, эмчилгээ эрж хайж хайран цаг, мөнгөө үрж, эрүүл мэндээ дуусгаж байгааг хараад харамсдаг.
-Зөв хооллолт нь хувь хүнээс шалтгаална гэж үү?
-Тийм. Зохистой хооллоход хэд хэдэн зүйлийг анхаарна. Хоолны хэмжээг тохируулж сурах нь чухал. Нэг удаа хэт цадталаа хэтрүүлэн идэх нь бие махбодийн ялангуяа хоол боловсруулах эрхтний ачааллыг нэмэгдүүлдэг. Хоолондоо хүнсний ногоо, ургамал түлхүү хэрэглэх замаар хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой. Удаан боловсорч шингэдэг, өөх тостой хоолыг багасгах хэрэгтэй. Унтахын өмнө хэт идэхгүй байх, орой хялбар боловсорч шингэдэг хоол хэрэглэснээр бие махбодийг шөнийн цагаар хүнд хоолыг боловсруулах дарамтаас чөлөөлж, сайн унтаж амрахад тустай. Нөгөөтэйгүүр өглөөний хоолыг манай монголчууд хангалтгүй хэрэглэдэг. Өлөн хоосон явдаг нь ходоод, элэг, цөсний өвчний үндэс болдог. Тиймээс өглөө хөнгөн, чанартай хоолыг идэж хэвших хэрэгтэй. Хоносон хоолноос татгалзахаас гадна нөөшилсөн, лаазалсан хүнс, амттан, тос ихтэй нарийн боов амттан, хийжүүлсэн ундаа, шарсан хайрсан хоолыг хязгаартай хэрэглэх нь олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Давс багатай хоол, цай хэрэглэх нь зүйтэй. Согтууруулах болон хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзах нь эрүүл мэндэд тустай. Олон өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний сонголтоо зөв хийж, хооллох хэв маягаа өөрчлөхөд хувь хүн болоод айл өрх, албан байгууллага бүрийн идэвх оролцоо ихээхэн чухал байна.
Б.Даариймаа
Сэтгэгдэл (0)