Рамзан Кадыров: В.Путинд амиараа өртэй болохоор үргэлж үнэнч зүтгэх болно
- 2016-12-03
- Дэлхий
- 0

ОХУ-ын Чечений бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыровын “Итартасс” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Та хүмүүсийг айлгах дуртай юм уу?
-Би хэнийг айлгаад байгаа юм бэ. Террорист, хэт даврагсад зэрэг Оросын дайсанг хэлээд байгаа юм уу. Хэрэв тийм бол тэднийг айлгах дуртай. Бүр үхтэл нь айлгамаар байна. Тэд миний нэр хүнд, нөлөө хэзээ ч гуйвшгүй бат бөх гэдгийг мэднэ. Тиймээс надаас айж явах хэрэгтэй. Террорист халдлага үйлдэж, энгийн иргэдийн аминд халдаж тэсрэх бөмбөгийн товчлуур дарахыг сүртэй зүйл биш гэж боддог нөхдийн эсрэг шударга ёсны төлөө тэмцдэг. Тэд зүгээр айдас мэдрэх нь ч надад хангалттай санагддаггүй. Тэд надаас аль болох хол байж, бүх насаараа өрөвдмөөр амьдрах ёстой гэж боддог. Цаашид ч сануулаад байхад Чеченьд үзэгдэж буй нөхдийг өөрийн гараар арчиж хаях болно.
-Оросын дайсан гэж хэнийг хэлээд байгаа юм бэ?
-20 орчим жилийн өмнө миний нутагт ирж дайн дэгдээж Чечений гэмгүй иргэдийг хороож, хот, тосгоныг минь сүйтгэсэн хүмүүсийг хэлж байна. Орос болон Чечений дайснууд бол миний дайсан.
-1994 онд Ерөнхийлөгч Б.Ельцин “Чечений нутаг дэвсгэрт үндсэн хууль, дэг журмыг сэргээн тогтоох” тухай зарлиг гаргаснаар дайн албан ёсоор эхэлсэн гэж үздэг тийм үү?
-Чечень болон Оросыг сүйрүүлэхээр ирсэн 51 орны алан хядагчийн тухай ярих ёстой. М.Ходорковский, Б.Березовский болон Илк тэргүүтэй барууны сурталтнууд энэ улсыг дотроос нь устгах зорилготой байсан. Үндсэн хуулийн нөхөн сэргээлт ч гэсэн Ибн эл-Хаттаб, Шамил Басаев нарт л хамаатай байсан байх.
-Тэдгээр урвагч эргэж ирэхгүй гэдэгт итгэлтэй байна уу?
-Чеченьд тэднийг багтаах газар байхгүй. Америк болон Европууд манай улстай тохиролцохыг оролддог. Хэрвээ Орос улс сул засаглалтай байсан бол өөр нэгэн Алеппо болох байсан юм. Бид хэзээ ч сөхөрч, өлсч үхэхгүй ард түмэн. Хориг арга хэмжээ бүхнийг хязгаарлаж чадахгүй. Тэд өрсөлдөгчөө буруу сонгосон байна. Орос бол өргөн уудам газар нутаг, арвин их баялагтай орон. Тэдний тэмцэл энэ улсыг улам л хүчирхэг болгоно. Энгийн иргэний үүднээс хэлэхэд миний эх оронд заналхийлж, урваж буй бүхэн миний дайсан гэсэн үг. Гэхдээ хувь хүнийхээ зүгээс хэнтэй ч дайсагнаад, хорсоод байдаггүй. Өөрийгөө дэлхийн хамгийн тайван хүн гэж боддог.
-Сонин сонсогдож байна шүү. Та үнэхээр тийм тайван гэж үү?
-Тийм ээ. Сургуульд байхаасаа л тийм байсан. Сул дорой, тусламж хэрэгтэй нэгэнд тусалж, тэднийг хамгаалдаг байлаа. Сургууль, гудамжинд ч хэнтэй ч дайсагная гэж бодож байсангүй. Гэхдээ энэ нь өшөө авч чадахгүй гэсэн үг биш. Чечень болон Оросын ард түмний хайртай хүү, миний найз нөхөд, Ерөнхийлөгч агсан Ахмат-Хаджи Кадыровыг хамтран зүтгэгсдийн хамтаар хөнөөсөн тэр цаг мөчийг санаж байна. Эрхэм хүмүүс минь бүгд холын хол явсан байна. Тэднийхээ төлөө тэмцэх хүч надад хангалттай бий. Хэрвээ алан хядагч, балмад этгээдүүд сануулгыг минь ойлгохгүй бол өөр “хэл”-ээр ярьж ойлгуулж чадна.
-Та энэ яриад байгаа дайсныхаа нэрийг тодорхой хэлж болохгүй юм уу?
-Тодорхой нэрс дурдмааргүй байна. Ер нь намайг хэлээгүй байсан ч олон нийт таамагладаг байх. Тэдний нэрийг хэлбэл гэр бүлийнхнийх нь нэр давхар дуудагдаж үр хойч нь болсон гэмгүй иргэд хохирч магадгүй юм. Сөрөг хүчнийхний тухай асууж байх шиг байна. Хэрэв тийм бол өнгөрсөн есдүгээр сарын 18-нд болсон сонгуулиар хүмүүс сөрөг хүчинд хэрхэн ханддаг нь тодорхой харагдсан. В.Путин энэ олон үндэстэн, шашинг ижил тэгш байлгаж, хүлээн зөвшөөрдөг учраас түүнээс бүгд айдаг, үүнийхээ хэрээр ч дайсан ихтэй байдаг байх. Энэ улсыг бутаргах боломжийг дайсандаа олгож байгаагүй удирдагч. Хийх зүйлээ мэддэг учраас чеченүүд түүнийг дагадаг юм. Яахав бүх дайсанд минь өдөөн хатгагч байсан. Гэхдээ тэдний олонх хорвоог үүрд орхисон учраас ямар нэг зүйл хэлж, шуугиан тарих хэрэггүй байх.
-Тэдний зарим нь хорвоог үүрд орхисон гэхээр Борис Немцов санаанд бууж байна?
-Борис таалал төгссөн. Би өөрийнхөө санаа бодлыг аль хэдийнэ хэлсэн болохоор нэмэх зүйл байхгүй. Би түүнтэй ямар ч холбоогүй байсан.
-Бүгд л Борисыг таны дайсан гэж ярьдаг байсан шүү дээ?
-Үгүй, Немцов хэзээ ч миний дайсан бас найз нөхөр байгаагүй. Бидний хувь тавилан, үзэл суртал нийлэхгүй байсан юм билээ. Тэр л өөрийгөө Оросын дайсан болгосон. Нэг зүйл хэлэхэд түүний ард хэн ч байгаагүй. Яахав түүнийг хүрээлж, дагалддаг олон хүн байсан ч хэнийг нь ч ашиглаж буруу зүйл хийлгэж байгаагүй юм.
-Та Немцовыг хороосон хүний талаар мөрдөн байцаагчид хэлнэ гэж байсан. Гэхдээ тэр асуудал удалгүй намжсан?
-Би хэзээ ч хамаагүй хороосон хүний талаар мэдээлэл өгч чадна. Гэхдээ энэ бүгд цэвэр надаас шалтгаалахгүй. Хууль дүрмийнхээ дагуу эхлээд шүүхээс зарлан дуудах хуудас ирэх ёстой байдаг.
-1996 онд Борис Немцов Чечений дайныг зогсоох гэж оролдож байсан. Тэр нэг сая хүний гарын үсэг цуглуулж Кремльд хүргэх кампанит ажил өрнүүлж байв. Харин та хийсэн ажлыг нь эсэргүүцдэг байсан тийм үү?
-Тийм ээ. 1990 оны эхээр чеченүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг байсан. Бүгд л Дудаев, Удугов, Басаев, Масхадов нарыг онцгой зүйл хийж чадна л гэж найддаг байсан юм. Гэхдээ тэд Оросын эсрэг байсан энэ улс орныг сул дорой болгохыг зорьдог байсан хүмүүстэй хамтарсан. Тухайн үед Оросын Батлан хамгаалахын сайд байсан Павел Грачев хүртэл Чеченийн агуулахад зэвсэг нууж биднийг урхинд оруулж байв. Энэ бүхнээс шалтгаалан бүх зүйлд итгэлгүй ханддаг байлаа. Тухайн үед би өөрийгөө Чечений ард түмний хамгаалагч дайчин эр гэж боддог байсан учраас тэр үйл явдлыг эсэргүүцдэг байсан байх.
-Та яагаад Ахмат Кадүровыг Чечений анхны Ерөнхийлөгч гээд байгаа юм бэ. Түүнээс өмнө Дудаев, Яндарбиев, Масхадов гээд улстөрч энэ албыг хашиж байсан. Таныхаар бол Чечений түүх 2003 оноос эхтэй болох нь ээ?
-Ингэж үзээд байгаа нь ганц би биш. Энэ бол Кремлийн санаа бодол, даалгавар байсан юм. Та санахгүй байж магадгүй юм. Гэхдээ Оросууд манай бүх тогтоол, баримт бичиг, цол хэргэмийг хүчингүй болгосон. Хэрвээ Дудаев, Масхадовыг ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрвөл Ичкериагийнх байсан гэж хэлнэ.
-Саяхны нэг мэдээгээр Чеченьд салалт маш бага байдаг. 1000 өрх тутмын нэг нь салсан байдаг гэж сонссон. Таны тэргүүлдэг улсад дүрэм журам сайн мөрддөг гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Манай улсад салалт бага байдаг. Гэхдээ үүнээс ч илүү үр дүн гаргахыг хүсдэг. Ямар ч салалтгүй улс болох нь манай орны зорилго юм. Ер нь эртний уламжлалаа сахиж, эрхэмлэн дагадаг учраас салалт харьцангуй бага байдаг гэж бодож байна. Миний хувьд ард иргэддээ ойлгуулдаг энгийн дүрэм бол Чеченьд ямар ч эр хүн “Одоо больё. Хоёулаа тусдаа амьдаръя” гэж эхнэртэй хэлэх эрх байхгүй. Эрэгтэй нь үүргээ ухамсарлаж, эмэгтэй нь инээж байвал айл гэрийн амьдрал тогтуун, жаргалтай байна.
-Та Ерөнхийлөгч Владимир Путиний талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Би түүнийг хэн бүхнээс илүү хүндэлдэг. Түүнд амиараа өртэй болохоор үргэлж үнэнч зүтгэх болно. Миний хэлсэн үг магадгүй хий хоосон, утгагүй сонсогдож байгаа байх. Гэхдээ түүний төлөө зүтгэх ёстой гэдгээ хэнээс ч илүү ойлгож, ухамсарладаг учраас хүндэлдэг.
А.даваахүү

Сэтгэгдэл (0)