Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан жагсаал зургаа дахь удаагаа боллоо
- 2016-12-05
- Дэлхий
- 0

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн бямба гаригт хэдэн зуун мянган хүн оролцсон жагсаал болсон байна. Уг жагсаал нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан, шахалт үзүүлэх зорилготой бүх нийтийн жагсаал байлаа. Сөүлийн цагдаагийн газрын хэлж буйгаар сөрөг хүчний намууд Пак Гын Хэ-г албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулахаар болсноос хойшхи иргэдийн анхны жагсаал бөгөөд ойролцоогоор 320 мянган иргэн оролцсон байна. Түүнчлэн зургаан долоо хоног дараалсан эсэргүүцлийн жагсаалд давтагдсан тоогоор нийт хоёр сая гаруй иргэн оролцжээ. Эсэргүүцлээ илэрхийлэгчид Ерөнхийлөгчийн ордноос 100 м хүртэлх зайд ойртон очсон бөгөөд энэ нь шуугиан дэгдсэнээс хойш Хөх ордонд хамгийн ойр очсон жагсаал болсон аж. Түүнчлэн БНСУ-ын сөрөг хүчний гурван нам Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахаар тогтсон байна. Санал хураалтыг Үндэсний Ассамблейн нэгдсэн чуулган дуусахаас өмнө буюу ирэх долоо хоногийн баасан гаригт явуулна.

Сэтгэгдэл (0)