В.Путин Тайландын шинэ хаанд баяр хүргэжээ
- 2016-12-05
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тайландын угсаа залгамжлах ханхүү Маха Вачиралонгкорнд хаан ширээнд залрахаар болсонд нь баяр хүргэсэн захидал илгээсэн гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Захидалд тэмдэглэснээр “Орос болон Тайландын хооронд дипломат харилцаа тогтсоны 120 жилийн ой тохиож байна. Чакри гүрний албан ёсны залгамжлагч танд баяр хүргээд хоёр орны харилцаа цаашид өргөжин тэлнэ гэдэг итгэж байна” хэмээжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путин шинэ хааны засаг захиргааны үе эхэлж буйг онцлоод хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулан цаашлаад Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллахаа амласан байна. Өдгөө 64 настай Маха Вачиралонгкорн нь энэ оны аравдугаар сард таалал төгссөн хаан Пумипон Адульядетын ганц хүү юм. Хаан Пумипон Адульядетын цогцсыг чандарласны дараа буюу ирэх оны аравдугаар сард Вачиралонгкорныг албан ёсоор хаан ширээнд залах ёслол болно. Шинэ хаан ордонд болдог ёслол, арга хэмжээг удирдаж, хуулийн төсөлд гарын үсэг зурах үүрэгтэй аж.

Сэтгэгдэл (0)