Италид Үндсэн хуулиа шинэчлэх эсэх санал асуулга болов
- 2016-12-05
- Дэлхий
- 0

Италид 1948 онд баталсан Үндсэн хуулийг шинэчлэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга боллоо гэж “Al Jazeera” агентлаг мэдээллээ. Уг санаачлагыг Ерөнхий сайд Маттео Рензи гаргасан байна. Энэ санал хураалт нь Ерөнхий сайдын хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой аж. Тодруулбал, санал асуулгаар иргэдийн олонх нь Үндсэн хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзвэл Италийн парламентын дээд танхим болох Сенатыг өөрчилж, одоогийн 315 суудлыг 100 болгон бууруулж, хууль батлах эрх мэдлийг зөвлөх, санал гаргах хэмжээнд хүртэл хязгаарлаж нэг танхимаар хууль баталдаг системтэй болох юм байна. Харин “Үгүй” гэсэн санал давамгайлбал Ерөнхий сайд Маттео Рензи огцорч, хугацаанаас өмнө сонгууль болох юм. Шинжээчдийн үзэж буйгаар уг санал асуулгад татгалзсан санал давамгайлах төлөвтэй байгаа аж. Ерөнхий сайдыг эсэргүүцэгч “Таван од” хөдөлгөөний нөлөө өндөр байгаа бөгөөд италичууд Европын холбооноос гарах талаарх асуудал яригдах чухал санал асуулга учраас хариуцлагатай байхыг онцлон сануулж байна. Түүнчлэн уг санал асуулга нь италичуудын хувьд эдийн засгийн хямрал бий болгох эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл (0)