25 мянган оюутан зээл авах хүлээлттэй байна

 

        Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Оюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг эхний ээлжид гэрээ байгуулсан зургаан банкаар дамжуулан энэ долоо хоногоос олгож эхэлсэн юм. Тодруулбал, ХААН, Хас, Голомт, Капитрон, Улаанбаатар, Төрийн банк өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн зээлийн хүсэлтийг авч эхлээд байна. Оюутны хөгжлийн зээлийг Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт олгоно. Зээлийг дахин санхүүжилт, богино болон урт хугацааны зээл гэсэн хэлбэрээр таван хувийн хүүтэйгээр олгох юм. Зээлийн эргэн төлөх журмын талаар Боловсролын зээлийн сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэмээс тодруулахад “Зээлийн эргэн төлөлтийн хувьд дахин санхүүжилт болон богино хугацааны зээлийг 12 сарын хугацаатай төлөх бөгөөд хүү болон үндсэн төлбөрөө зэрэг төлнө. Урт хугацааны зээлийн эргэн төлөлтийг оюутан тухайн бакалаврын зэргийн сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас хийж эхлэх бөгөөд 10 хүртэлх жилийн хугацаанд төлж дуусгах юм. Харин эргэн төлөлтөө хийж эхлэх хүртэлх хугацаандаа зээлийн үндсэн төлбөр төлөхгүй зөвхөн хүүгээ төлөөд явна. Оюутнуудын хувьд магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламж, боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх, хамтран зээлдэгчтэй байна гэсэн шалгуурыг Боловсролын зээлийн сангаас тавьж байна. Харин арилжааны банкууд ганц нэг шалгуур нэмж тавьж магадгүй. Гэхдээ тийм өндөр шаардлага тавихгүй байх. Бид шалгуурыг энэ хэвээр байлгахыг хүсч байна” гэв. Мөн шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш байх юм. Бусад оюутны хувьд богино хугацааны зээлд хамрагдахаар бол сурлагын голч дүн нь хоёр, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 400- гаас дээш, урт хугацааны зээлд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 650-аас, голч дүн гурваас дээш байх аж. Харин тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутны хувьд голч дүн нь 2.3-аас дээш байхад зээлд хамрагдах боломжтой. Үүнд 13 төрлийн мэргэжил багтаж байгаа юм.

 

Монгол Улсын хэмжээнд 130 мянган оюутан бий. Үүнээс 70 мянган оюутан зээлд хамрагдах боломжтой бөгөөд эхний ээлжид 25 мянган оюутан зээл авах хүлээлттэй байгаа гэнэ. Оюутанд тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээгээр зээлийголгохюмбайна. Ингэхдээ тухайн зээлийн мөнгийг оюутны гараар дамжуулалгүй сургуулийн данс руу нь шууд шилжүүлэх аж.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)