Шинзо Абэ Сувдан эрэгт айлчилсан Японы анхны удирдагч болно

 

        Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамт Сувдан эрэгт очихоор боллоо гэж “Ал Жазера” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн даваа гаригт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан бөгөөд энэ сарын сүүлээр буюу 26-27- ны өдрүүдэд АНУ-ын Хавай мужид айлчлахаар болжээ. Тэрбээр дэлхийн II дайнаас хойш Сувдан эрэгт айлчилсан Японы анхны удирдагч болж байна. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээнд хоёр дахь нь юм. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард түүний эхнэр Аки Сувдан эрэгт айлчлан амиа алдагсдын дурсгалд хүндэтгэл үзүүлжээ. Нэг хоногийн хугацаатай айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн гэрээр зочилж, хэлэлцээ хийн тус бүс нутагт амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх дурсгалын цогцолборт очих юм байна. Тэрбээр хэлэхдээ “Дайны гамшгийн улмаас амиа алдсан хохирогчдын дурсгалыг хүндэтгэх зорилготой айлчлал. Дайны гамшиг хэзээ ч дахин давтагдах ёсгүй” гэжээ. Ерөнхий сайд Шинзо Абэгийн АНУ дахь айлчлалыг Цагаан ордны зүгээс баталсан байна. Вашингтоны мэдэгдэлд тэмдэглэснээр, “Хоёр удирдагчийн хамтарч буй энэхүү айлчлал нь АНУ, Япон хоёр орны харилцааг сайжруулан өргажүүлэх үйл явдал болно гэж найдаж байна” гэжээ. Харин Шинзо Абэ “Энэ үйл явдлыг тох и ол д у ул а н дэлхий нийтэд дайны хор уршгийг ойлгуулж, ирээдүйн төлөө ухаалаг алхам хийх ёстойг сануулахыг зорьж байна” гээд хоёр орны харилцаанд онцгой нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаагаа мөн тодотгожээ. Шинжээчдийн хувьд энэ удаагийн үйл явдал нь Японы талаас үзүүлж буй чухал алхам бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын засаг захиргааны үед Вашингтонтой нягт харилцаатай байхын тулд хийж буй алсыг харсан, бодлогын шинж чанартай үйл явдал аж. Доналд Трамп нь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ын хамгийн хүчтэй холбоотон улс болох Япон болон БНСУ-д сөрөг хандлагатай байгаагаа илэрхийлж байсан. Түүнчлэн “БНСУ, Япон зэрэг улсыг Умард Солонгосын заналхийллээс хамгаалах арын гол хамгаалагч нь байсаар ирсэн. Үүний тулд цэрэг армийн бүрэлдэхүүнээс авахуулаад маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Ойролцоогоор 47 мянган цэрэг хамгаалалтад гарч байна. Гэтэл өөрсдийг нь хамгаалсны хариуд тэдгээр улс АНУ-д нэг ч долларын хураамж төлбөр төлдөггүй. Тиймээс эдийн засаг, хөгжлийн төвшингөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд байдаг эдгээр улс АНУ-д төлбөр төлөх ёстой” гэж мэдэгдэж байсан юм. Энэ мэдэгдлийнх нь дараа Японы талаас тодорхой хариулт өгөөгүй ч цочирдон хүлээж авснаа ч илэрхийлж байсан билээ. Шинзо Абэг Доналд Трамптай хувийн нөхөрсөг харилцаатай болж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьж байгаа гэж үзэх болсон өөр нэгэн шалтгаан нь түүний өнгөрсөн сарын дундуур АНУ-д хийсэн айлчлал аж. Тодруулбал, Ерөнхий сайд Шинзо Абэ нь өнгөрсөн сард НьюЙоркийн Манхэттан дүүрэг дэх “Трамп” цамхагт Д.Трамптай уулзсан анхны удирдагч болсон. Үүнээс гадна Номхон далайг дамнасан түншлэлийн чөлөөт худалдааны гэрээнд ач холбогдол өгч буй зэрэг нь дипломат бодлогын хүрээнд хийж буй чухал алхам ажээ. Сувдан эрэгт болох үйл явдалтай холбогдуулан шинжээчдийн зүгээс хоёр орны удирдагчид ойрын жилүүдэд дайны хямрал болоод бөмбөгдөлтийн улмаас үүссэн хор уршгийн төлөө уучлалт гуйхгүй болов уу гэж дүгнэж байна. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японы Хирошима хотын Энхтайвны дурсгалын цэцэрлэгт зочилж, атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан 140 мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн ч япончуудаас уучлал гуйгаагүй бөгөөд оронд нь цөмийн дайны аюулаас сэргийлэхийг уриалсан байна. Шинзо Абэ ч мөн Сувдан эрэг дэх айлчлалын үеэр АНУ-аас уучлал гуйхгүй байх магадлалтай. Учир нь өмнө нь хэлсэн үгэндээ “Японы ирээдүй болсон залуус өнгөрсөн дайны төлөө уучлалт гуйх шаардлагагүй” гэж мэдэгдэж байсантай нь холбоотойгоор ийнхүү дүгнэх болжээ. Одоогоос 75 жилийн өмнө буюу 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Японы агаарын хүчин АНУын Хавай мужийн Сувдан эрэгт агаараас цохилт өгч асар их хор хохирол учруулсан нь дайныг өдөөсөн юм. Японы 350 бөмбөгдөгч онгоц гэнэтийн дайралт хийж, Сувдан Эрэг дэх тэнгисийн цэргийн баазыг бүхэлд нь устгасан билээ. Үүнээс үүдэн 2400 орчим хүн амь үрэгдэж, 1282 иргэн шархадсан гэсэн тоо баримт байдаг юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)