З.Шижирбаатар: Баялгийн сан байгуулах нь эдийн засагт ямар ч дарамт болохгүй
- 2016-12-12
- Эдийн засаг
- 0

Монгол Улсын банк санхүүгийн салбарт ажил амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан ахмад эдийн засагч З.ШИЖИРБААТАРТАЙ ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байсан арвин түүх, ажлын туршлагатай нэгэн юм.
-Улс орны эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн амьдрал, ашиг орлого тааруухан ийм таагүй жил болж байна. Та банк, санхүүгийн салбарт олон жил ажиллаж хуримтлуулсан арга барилаасаа хуваалцаж, өөрийн санал бодлоо бидэнтэй хуваалцана уу?
-Миний хувьд хямралаас гарах боломжийг олно гэдэгт итгэлтэй байдаг. Харин нэг эх үүсвэрээс хэт өндөр зээл тусламж авч түүнийхээ эрхшээлд орох вий гэсэн болгоомжлол төрдөг. Харин ОУВС-гаас олон улс оронд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог, өндөр шалгууртай санхүүгийн хатуу сахилга бат шаарддаг, тэр бодлогын зээл хөтөлбөрт хамрагдаасай гэж хүсч байна. Манай орны эдийн засгийн хөгжилд банк санхүүгийн системийн тогтвортой байдал чухал нөлөөтэй. Арилжааны банкуудын 2015 оны аудит хийсэн тайлангаас харахад нийт зээлийн 56.4 хувийг хадгаламж хангаж байна. Улс, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын чөлөөт үлдэгдэл бага байсан. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой байх. Банкны активуудаас харахад нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ жил тутам өсч байна. Банкуудын хадгаламжийн хүү өндрөөс болж, зээлийн хүүг дорвитой бууруулж чадахгүй байгаа юм. Гэхдээ үйлдвэрлэгчид зээлийн хүүг зардалдаа шингээдэг учир хүүгээс нэг их айдаггүйгээс өртөг нэмэгдэж, ачаалал нь ард түмний нуруун дээр ирдэг. Миний хувьд банк, санхүүгийн системийг тогтворжуулж хөрөнгийн эх үүсвэрийг дотоодоосоо илрүүлэн нэмэгдүүлж чадвал Монголын эдийн засаг сэргэхэд их хувь нэмэр болно. Ойрын жилүүдэд хямралаас гарна гэж үздэг. Би энэ саналыг дэвшүүлэхийн тулд Монгол Улсын Төвбанкны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт зэрэг нэлээд хууль дүрэм судаллаа. Харшлах зүйл гарсангүй.
-Сонирхолтой байна. Таны саналыг сонсч болох уу?
-Манай улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний доорх баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гээд заачихсан байгаа. Тэгвэл төр яагаад өөрийнхөө өмчийн зохих хэсгийг Төвбанкныхаа тэнцэлд бүртгэж Баялгийн сан байгуулж болдоггүй юм. Энд би бүх баялгийг тэнцэлд бүртгэнэ гэж бодохгүй байна. Зөвхөн хайгуулын лиценз авч нөөц нь тогтоогдоод одоо ашиглаж эхэлсэн цөөн тооны уул уурхайн ордын 1-2 хувийг Монголбанкны тэнцэлд байршуулж активаа нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарч байгаа Тавантолгойн нүүрсний ордын нөөцөөр тооцож үзэхэд нэг хувь нь 3.78 их наяд төгрөг болж байгаа юм. Тэгэхээр нөөцийг нь тогтоогоод ашиглаж байгаа бусад баялгийг нэмж тооцоход 10 гаруй их наяд төгрөгийн эх үүсвэр нээгдэнэ гэж бодож байна. Энэ мөнгө зөвхөн банкны тэнцэлд бүртгэгдээд байж байх зүйл биш. Баялаг нь банкны активт байна. Эх үүсвэрийн талаас багагүй хэсэг нь санхүүгийн эх үүсвэр болно. Сангийн яаманд байршуулсан эх үүсвэрийг зөвхөн Монгол Улсын Аюулгүй байдлын зөвлөл, УИХын шийдвэрээр Чингис бондын төлбөр зэрэг тулгамдсан төлбөрийг төлөхөд зарцуулж болох юм. Элдэв төрлийн жижиг өр төлбөрт энэ мөнгийг зарцуулахгүй маш нарийн хяналттай байна.Дотоодын томоохон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд ашиглаж болох байх л даа. Түүнийг зөвхөн Аюулгүй байдлын зөвлөл, УИХ шийдвэрлэх нь зүйтэй. «Айлаас гуйхаар авдраа уудал» гэгчээр алт, мөнгө, зэс төмөр, нүүрс, нефть, урантай байж бид яагаад түүнийхээ ганц хоёрхон хувийг хэрэгцээтэй үедээ ашиглаж болдоггүй юм бэ. Зөвхөн ашиглаад ч зогсохгүй гадаад дотоодын хэний ч өмнө «Манай ашиглаж эхэлсэн баялгийн зөвхөн нэг хувь нь энэ» гээд балансаараа үзүүлж байхад Монгол Улс маш их дотоод нөөцтэйг ойлгож гадаад харилцаанд ч эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Төр засаг шийдвэрээ л зөв гаргавал үндэсний валютын хангалттай нөөцтэй болж, хадгаламж, зээлийн хүүгээ бууруулж, хөрөнгийн эргэлт сайжирч, эдийн засаг маш богино хугацаанд сэргэнэ. Баялгийн сан байгуулснаар ямар ч өрийн дарамт үүсэхгүй, эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлэх юм. Баялгийн сангийн асуудлыг үндэсний хэмжээнд ярилцаж хэлэлцэн УИХ, Засгийн газар бодитой хандаж шийдвэрлэмээр байна. Бид зөв бодлого, дорвитой гарц хайхын оронд хямралаас гарах арга нь зөвхөн гадаад зээл, бонд гэж ойлгож ярьсаар өнөөдрийг хүрсэн. Одоо энэ асуудлаар улс орныхоо эрх ашгийн төлөө, зөв шийдвэр гаргах зүрх зоригийг эрх баригчид гаргамаар байна.
-Ийм сан байгуулчихдаг юмаа гэхэд эх үүсвэрийг нь УИХ, АБЗ-ийн шийдвэрээр хэн, хэрхэн зарцуулах болж байна вэ?
-Төвбанкны эх үүсвэрт байршсан Баялгийн санг зөвхөн банкны системийг тогтворжуулахад ашиглана. Дээр дурдсан банкны зээлийн 56.4 хувийг хадгаламжаас санхүүжүүлдэг болохоор хадгаламж, зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудад хадгаламжийн үлдэгдлийн нь 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Төвбанкны хадгаламж хэлбэрээр байршуулна. Энэ нь нэг талаас иргэд хадгаламжаа татвал эх үүсвэрээр хангах, нөгөө талаар банкны үйл ажиллагааг тогтворжуулахад төрөөс үзүүлж байгаа дэмжлэг юм. Эхний ээлжид 20 хүртэл хувийг, дараа нь чанаргүй зээлийн хэмжээг бууруулсан байдлыг харгалзан үлдэх хэсгийг байршуулна гэж төлөвлөх нь чухал. Ингэснээр арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ 4-6 хувь хүртэл бууруулна. Хадгаламж их эмзэг хөрөнгө тул хадгаламж эзэмшигчдэд харилцагч банк их зөв сурталчилгаа хийж, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд авч байгаа арга хэмжээ гэдгийг ойлгуулах ёстой. Саяхан Казахстаны том эдийн засагч Ханс Холзхакер нэгэн сонинд ярилцлага өгөхдөө, 2008-2009 онд манай улсын эдийн засаг их хүнд байхад Засгийн газар гурван том асуудал боловсруулж хэрэгжүүлсний нэг нь Баялгийн сан байгуулсан явдал юм. Зээлийн 20-30 хувь нь чанаргүй болсон байсан. Харин энэ үед нэг эерэг тал гэвэл хүмүүс банк руу гүйж мөнгөө татаагүй» гэж хэлжээ. Манай хөрөнгийн зах зээлийн шинжээч, олон сайхан нийтлэл бичиж, ярилцлага өгсөн Д.Ангар гэдэг залуу «Баялаг ихтэй улс зарим орддоо суурилсан сан байгуулж, хувьцаа гаргаж, иргэддээ хувь эзэмшүүлдэг жишиг бий» гэж ярьсан нь зүгээр нэг сонсоод өнгөрөх асуудал биш гэж бодож байна.
-Баялгийн сан байгуулах тухай олон жил ярьж байгаа л даа. Та түүний ач холбогдлын талаар арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Хадгаламжийн хүүг бууруулснаар арилжааны банкууд өөрсдөө зээлийн хүүгээ бууруулах боломж бүрдэнэ. Харин Монгол банк арилжааны банкинд чанаргүй зээлээ багасгасан байдлыг харгалзан эх үүсвэр нэмж байршуулж болох юм. Хэвлэл мэдээлэлд зарим эдийн засгийн үзүүлэлт тодорхой гарахгүй байна. Тухайлбал, зарим хэвлэлд хадгаламжийн 90 гаруй хувь нь 200 өрхийн мэдэлд байна гэсэн бол нөгөө нэг мэдээлэлд хадгаламжийн 92 хувийг 12000 иргэн эзэмшдэг гэж бичсэн байгаа. Үүнээс тооцвол нэг иргэн дунджаар 500.0 сая төгрөгийн хадгаламж эзэмшиж, жилд 90.0 сая төгрөгийн хүү авах нь. Хэдийгээр хадгаламжийг нь банк эх үүсвэртээ ашиглаж байгаа боловч иргэн яагаад хөрөнгөө хөдөлгөж бүтээн байгуулалтад оролцож, хямралаас гарахад тусалж болдоггүй юм.
-Баялгаа барьцаалаад сан байгуулж, хөрөнгийн найдвартай эх үүсвэртэй болчихвол хийх юм их л байгаа. Гэхдээ сангийнхаа хувьд анхаарах зүйл цөөнгүй байх болов уу?
-Үнэндээ энэ эх үүсвэрийг ашиглаж чадвал түрүүч нь байгалийн элэгдэлд орохоо дөхсөн тэр 30 мянган орон сууцаа ипотекийн зээлээр санхүүжүүлье л дээ. Барилгын салбар гацаанаас гарчихвал зөндөө хөрөнгө эргэлдэж, бүтээн байгуулалт, ажлын байр ч нэмэгдэж, эдийн засаг богино хугацаанд сэргэнэ. Гадаадын тусламж дэмжлэгээр төмөр зам, цахилгаан станц зэрэг тулгамдсан олон асуудлаа цаг алдалгүй шуурхай шийдэх боломж бий. Монголд одоо мөнгө багадахгүй зөвхөн зөв зарцуулахад л гол нь анхаарах ёстой. Баялгийн сан байгуулахад түүний үнийн асуудал дээр анхааралтай хандах, баялгийн үнийг тусад нь тогтоох хэрэгтэй юм билээ. Би зөвхөн нүүрсний экспортын үнийг тооцохдоо одоогийн хамгийн бага үнэ болох 70000 төгрөгөөр тооцсон. Ялангуяа ханшийн их савлагаатай баялгийг олон улсын зах зээлийн үнээр тооцож хэрхэвч болохгүй. Хэрэв тэгвэл ханшийн тэгшитгэл хийж банкны орлого, зарлагын гүйлгээнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Сан байгуулсны дараа жил бүр олборлож борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр баялаг, эх үүсвэрээ бууруулж шинээр олборлож эхэлсэн баялагийн нөөцийн хэмжээгээр нэмэгдүүлж явах боломжтой.
-Банкны ахмад ажилтны хувьд та гадаадын банк оруулж ирэхийн тухайд ямар байр суурь, бодолтой байна вэ?
-Одоогийн байдлаар гаднын банк оруулбал Монголд нэг ч арилжааны банк үлдэхгүй. Манай арилжааны банкууд ойрын хугацаанд жилийн наймаас доош хувийн хүүтэй зээл өгч чадахгүй. Арилжааны банкуудаа гайгүй суурьтай болгох шаардлага байгаа юм. Иргэдийн хадгаламжийг төрийн хамгаалалтад авсныг эс тооцвол төрөөс банкийг дэмжих талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Банкны бат бэх суурьтай болсны үндсэн дээр төрийн мөнгөний бодлого хэрэгжинэ гэж бодогдоод байдаг юм. Үндэсний компаниудаа төлөвшиж, томорч амжаагүй байхад газар, лиценз зэрэг эмзэг, эдийн засгийн суурь хөрөнгийг барьцаалах эрхтэй гадаадын банкуудыг оруулахыг хойшлуулсаар ирсэн нь төрийн зөв бодлого юм. Европын Сэргээн босголт хөгжлийн банк сүүлийн зургаан жил Монголд 83 төсөл болон компаниудад 1.4 тэрбум евро /3.8 их наяд төгрөг/- ийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Гадаадын том банкны салбар оруулж ирснээр Монголын банкууд сайн харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгч тэр байтугай төсөлгүй болно. Ер нь гадаадынхан харилцагчдыг сорчлон авах аюултай. Төрийн мөнгөний бодлого алдагдаж инфляц, төгрөгийн ханш жолоодлогогүй болж ард түмний амьжиргаа улам доройтоход хүрэх байх. Иймд Баялгийн сангаа л байгуулж дотоодын банк, санхүүгээ дэмжиж эдийн засгаа сэргээх боломж төр засагт байгаа гэж үзэж байна.
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл (1)
(103.57.93.121)
ÐӨРШҮҮ