Нобелийн шагнал гардуулах ёслолд Боб Дилан ирсэнгүй
- 2016-12-12
- Дэлхий
- 0

Шведийн нийслэл Стокгольм болон Норвегийн Осло хотноо Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Шинжлэх ухаан, эдийн засаг, хүмүүнлэг, уран зохиол зэрэг зургаан салбарт олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагнал гардуулах ёслол энэ оны энхтайвны шагналтныг тайзанд урьснаар албан ёсоор эхэлсэн байна. 2016 оны Нобелийн энхтайвны шагналыг Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хүртсэн юм. Тэрбээр улс орондоо хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайнд цэг тавьж, босогчдын бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулжээ. Нэр хүндтэй шагналыг гардаж авсныхаа дараа тэрбээр “Би бол дайны үеийн удирдагч. Колумбийн иргэдийн эрх ашиг, эрх чөлөө, энхтайван байдал надаас хамааралтай байдаг. Тиймээс би дайны үеийн биш энхтайван цагийн удирдагч байхыг хүссэн” гэжээ. Түүнчлэн “Энхтайван цаг тогтооно гэдэг дайн дэгдээхээс илүү хэцүү юм” гээд Нобелийн шагналыг дагалддаг найман сая швед крон буюу 925 мянган ам.долларыг иргэний дайнд хэлмэгдэгсдэд зориулна гэдгээ уламжилсан байна. Түүнчлэн энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн АНУ-ын дуучин Боб Дилан өмнө нь хийсэн мэдэгдлийнхээ дагуу шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр ирж оролцоогүй аж. Харин түүнийг төлөөлөн нутаг нэгт дуучин, хөгжмийн зохиолч Патти Смит хүрэлцэн ирж, шагналыг нь хүлээн авчээ. Тэрбээр шагналыг нь гардсаныхаа дараа Боб Диланы илгээсэн үгийг хүрэлцэн ирсэн зочдод уншиж дамжуулжээ. Боб Диланы захидалд “Энэ цаг мөчид та бүхэнтэй хамт байхгүй хэдий ч сэтгэл зүрхээрээ нэгдэж энэ нэр хүндтэй шагналыг хүлээн авлаа. Нобелийн утга зохиолын шагналыг хүртэж байна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Залуу байхаасаа л Киплинг, Томас Манн, Хэмингуэй зэрэг зохиолчийн бүтээлийг уншиж өссөн. Утга зохиолын салбарын гайхамшгуудтай хамт нэг жагсаалтад нэр минь бичигдэнэ гэдэг гайхалтай хүндтэй хэрэг юм” гэсэн байна.

Сэтгэгдэл (0)