НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга тангаргаа өргөлөө

 

        Португалын Ерөнхий сайд асан Антониу Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тангаргаа өргөлөө. Өнгөрсөн аравдугаар сард болсон нээлттэй санал асуулгаар Ерөнхий Ассамблейгаас түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга болж буй А.Гутерриш 2005 оноос эхлэн 10 жилийн турш Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн даргаар ажилласан юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаа Нью-Йорк хотноо НҮБын төв байрны Ерөнхий Ассамблейн хуралдааны танхимд болж одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн даргалсан байна. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Ерөнхий Ассамблейн дарга Петер Томсон үг хэлэхдээ “А.Гутерриш энэ байгууллагыг мэргэн ухаан, үнэнч шударга байдлаараа удирдан залж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Антониу Гутерриш тангараг өргөснийхөө дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн 193 орны төлөөлөгчид хандан “Дэлхий нийтийн өмнө хүлээсэн тодорхой үүрэгтэй НҮБ олон нийтэд хүрч ажиллахын тулд хүнд суртлаасаа салах хэрэгтэй. Сүүлийн үед өсөн нэмэгдсэн хүнд суртлыг яаралтай шийдвэрлэж энгийн, уян хатан, хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй ажиллах зарчимтай болох шаардлагатай байна” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн “НҮБыг хүйтэн дайны үеэр үүсгэн байгуулсан. Харин одоо бид энд энхтайвны төлөө цуглараад байна” хэмээн онцлоод НҮБ-ын зорилго, үндсэн зарчмыг баримтлан тууштай ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр мөн дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлт, хүнс болон ундны усны хомсдол дэлхий дахиныг тогтворгүй болгож байгааг онцлоод эдгээр асуудлыг шийдвэрлэхэд гишүүн орнууд болон иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаа, хүчин чармайлт шаардлагатайг сануулсан аж. А.Гутерриш нь Дүрвэгсдийн асуудал хариуцсан ерөнхий комиссар байхдаа Зүүн Тимор, Өмнөд Судан, Йемен, Афганистан, Сири, Төв Африкийн бүгд найрамдах улс зэрэг зөрчилдөөнтэй бүс нутгийн дүрвэгч цагаачдын асуудлыг шийдэхэд оролцож байсан бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд Израйль, Палестины удаан хугацааны хямрал зэрэг дээрх асуудалд гар бие оролцон, тодорхой арга хэмжээ авч, жендерийн тэгш эрхийг хангахад чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулна гэдгээ мөн уламжилсан байна.

 

Олон улсын шинжээчдийн дүгнэж буйгаар дэлхий даяар дүрвэгсдийн асуудал хурцадмал байдалд орсон энэ цаг үед туршлагатай дипломатчийн томилгоо нүдээ олсон шийдвэр боллоо гэж үзэж байна. Түүнчлэн олон улсад гарч буй зэвсэгт мөргөлдөөн, удаа дараалан хийж буй цөмийн туршилт зэргээс тодорхойлоход маш амаргүй даалгаврууд түүнийг хүлээж буйг мөн онцолжээ. Дипломатчдын хэлж буйгаар А.Гутерриш өөрийнхөө орлогчоор Нигерийн Байгаль орчны сайд Амина Мохаммедыг томилох сонирхолтой байгаа аж. Мөн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зүгээс 10 жилийн дараа албан ажлаа хүлээлгэн өгч буй Бан Ги Мүнд хүндэтгэл үзүүлжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүний эрх, хүмүүнлэгийн асуудалд голчлон анхаарч, эрх нь зөрчигдөж буй нийгмийн бүлгийн төлөө бүх чадлаа дайчлан ажиллалаа. Ирээдүй хойч үеийнхний төлөө энхтайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Түүнчлэн НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалд зөв хүн томилсныг онцлоод “Хүнд цаг үеийн сорилтыг давж гарч чадах чадвартай хүн” гэж А.Гутерришийг тодорхойлсон аж. Антониу Гутерриш нь Португалд тавь орчим жил ноёрхсон засаглалыг хувьсгалаар буулгасны дараа болсон 1976 оны анхны ардчилсан сонгуулиар өөрийн улс төрийн карьераа эхлүүлжээ. 1992 онд зүүн төвт үзэл баримтлалтай Социалист намын дарга болж, 1995 онд тус улсын Ерөнхий сайдаар сонгогдсон байна. 2005-2015 онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийг удирдахдаа Сири, Афганистан, Иракийн дүрвэгсдийн хямралтай нүүр тулж байсан юм. Гутерриш энэ хугацаанд барууны орнуудыг дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж, хямралтай бүс нутагт байрлаж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ-аас хангалттай төсөв бүрдүүлэхийг уриалж байжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)