Лионель Месси дүрвэгч хүүтэй уулзжээ
- 2016-12-15
- Дэлхий
- 0

Хөлбөмбөгчин Лионель Месси өөрийн нэр дугаарыг цэнхэр гялгар уутан дээр бичиж өмссөн Афган хүүгийн мөрөөдлийг биелүүлж, түүнтэй уулзсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард “Барселона” клубийн тоглогч Лионель Мессийн нэр, дугаарыг цэнхэр гялгар уутан дээр бичиж өмссөн таван настай Афган хүү Муртаза Ахмадийн зураг цахим ертөнцөд шуугиан тарьсан юм. Тэрбээр ааваасаа өөрийн шүтээн Л.Мессийн цэнхэр цагаан хосолсон өмсгөлийг авч өгөхийг хүссэн ч хүнд амьдралтай тул чадаагүй аж. Хүнсний торон дээр “Месси 10” гэж бичсэн өмсгөлтэй хүүгийн зургийг хөлбөмбөгчин Л.Месси олж харсан бөгөөд өөрийн нэртэй өмсгөл, бөмбөг зэргийг илгээж байжээ. Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны мэдээлснээр, мягмар гаригт “Барселона” болон Катарын “АльАхли” багийн хооронд болсон нөхөрсөг тоглолтын үеэр хөлбөмбөгчин Афган хүүтэй уулзаж , талбайруу хамт гаран зургаа авахуулсан байна. Түүнчлэн 2022 оны дэлхийн аваргыг зохион байгуулах хорооны цахим хуудаст “Хүүгийн мөрөөдөл биелж Лионель Месситэй уулзлаа. Хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, зөөллөх онцгой уулзалт боллоо” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл (0)