Алексей Навални Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

 

        ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навални 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн байна. Тэрбээр бичлэг хийж цахим сүлжээнд байршуулсан бөгөөд “Би нэр дэвшиж ялалтын төлөө тэмцэх болно. Сонголтоо хийх цаг ирлээ” хэмээн ярьжээ. А.Навални сонгуулийн кампанит ажлынхаа үзэл баримтлалд шүүх тогтолцооны шударга байдал энгийн ард иргэдэд хүрч чадахгүй байгаа болон улс орны эд баялаг элит хүрээнийхний гарт байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэн бодит байдал алдагдаж байгаатай тэмцэнэ гэдгээ онцолжээ. Түүнийг 2011 болон 2012 онд Ерөнхийлөгч Владимир Путиний засаг захиргааны эрх барих бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнт тэмцэл зохион байгуулсан гэж саатуулж байв. Түүнчлэн А.Навалниг төрсөн ах Олеготайгоо хамтран Францын гоо сайхны “Ив Роше” компанийн Орос дахь салбарт 26 сая рубль буюу 811 мянган ам.долларын залилан хийсэн гэж дөрвөн жилийн ял тулгаж байжээ. Мөн 2013 онд нэгэн мод бэлтгэлийн компанийг залилсан хэрэгт буруутган таван жилийн ял оноосон ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас 24 цагийн дараа суллаж байсан аж. Тэрбээр шүүхээс тулгасан уг хэргийг өөрийнх нь эсрэг улс төрийн явуулга гэж үздэгээ илэрхийлсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний залилангийн гэх хэргийг дахин хэлэлцэхээр болсон бөгөөд Дээд шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)