Усалгаатай газар тариалан, сүү боловсруулахад Франц улстай хамтран ажиллана

 

        Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Франц Улсын хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын Ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт /2016.12.14/ Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд  боллоо.

 

Монголын талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар тэргүүтэй яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Мал эмнэлэг үржлийн газар, Малын удмын сангийн төлөөлөл оролцлоо.

 

Бүгд Найрамдах Франц Улсын талаас Монгол улсыг хариуцсан бүсийн хөдөө аж ахуйн зөвлөх, Хөдөө аж ахуй, хүнс, ойн яамны төлөөлөл хатагтай Кароль Ли мөн Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, гадаад харилцаа, олон улсын хөгжлийн яамны төлөөлөл ноён Рафаэл Дрозэвски тэргүүтэй төлөөлөгчид энэхүү хуралд оролцов.

 

Талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тус салбарт төрөөс баримтлах бодлогын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг  хэлэлцэж дараах үндсэн чиглэлээр харилцан тохиролцлоо. Үүнд:

 

  • Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон малыг ялган тэмдэглэх, гарал үүслийг мөрдөн тогтоох, тогтолцоог бий болгох, чадавхийг сайжруулахад  дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах,
  • Шинээр байгуулагдаж буй “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын шинэчлэлийн ажилд хамтран ажиллах,
  • Усалгаатай газар тариалан, хүнсний салбар тэр дундаа хуурай сүүний боловсруулалтын салбарт хамтран ажиллах,
  • Францын өндөр ашиг шимт мах, сүүний үүлдрийн үржлийн мал,  гүн хөлдөөсөн үр Монгол Улсад нийлүүлэхэд хамтран ажиллах,
  • Хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтэй ажилтныг Францын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан Франц Улсад сургах болон олон асуудлууд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. 

 

Уулзалтын төгсгөлд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхэд энэхүү уулзалт ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэж үзэн ажлын хэсгийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 9 дүгээр сард БН Франц Улсад зохион байгуулахаар тохиролцлоо. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)