Хятадын эдийн засаг ирэх онд 6.5 хувиар өснө

 

        Хятадын эдийн засаг ирэх онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байна гэж тус улсын Засгийн газраас мэдээлсэн байна. БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академиас гаргасан ДНБ-ий төлөвийн урьдчилсан судалгаа, тайланд тэмдэглэснээр өнгөрсөн долоо хоногийн дундуур Хятадын эрх баригчид эдийн засгийн уулзалт зохион байгуулж, ирэх онд тус улсын эдийн засгийг тогтвортой өсөлттэй байлгах талаар хэлэлцүүлэг хийж, холбогдох албан хаагчид өсөлттэй байлгах тал дээр тодорхой арга хэмжээ авах тусгай үүрэг, даалгавар өгчээ. Түүнчлэн энэ оны гуравдугаар хагасын байдлаар эдийн засаг 6.7 хувийн өсөлттэй гарсан талаар мөн тэмдэглэсэн байна. Тайланд дүгнэснээр Хятадын эдийн засаг энэ онд сүүлийн 25 жилийн хамгийн бага үзүүлэлттэй байсан бол дэлхийн эдийн засгийн худалдааны өсөлтийн хурдац 2009 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлттэй гарсан аж. Гэсэн ч судлаачдын зүгээс эдийн засаг сэргэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Ирэх оны нэг болон хоёрдугаар хагаст Хятадын эдийн засаг 6.5 хувиар өсөх бол оны сүүлч буюу гуравдугаар үед 6.4 хувь болох гэнэ. Хятадын эдийн засгийн өсөлт саарсан гол шалтгааныг дэлхий даяарх эрэлтийн өсөлтийн хурд удааширсан бөгөөд тус улсын эдийн засагт оруулж буй хувийн хэвшлийн болон гадаадын компаниудын хөрөнгө оруулалтын урсгал эрчимтэй саарч, дотоодын зах зээл дэх хэрэглээний өсөлтийн хурд буурсан, ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэжээ. Ирэх оны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын хамгийн хүнд сорилт нь юанийн ам.доллартай харьцах ханшийг бууруулах зорилт юм. Америк долларын харьцах ханш ирэх онд зургаан юаньтай тэнцэж чангарах төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын төв банкнаас ам.долларын ханшийг 6.9289 юань байхаар тогтоосон. Энэ нь АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргасантай холбоотой аж. Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш хангалттай удаан хугацаанд тогтвортой байсан юм. Харин 2005 оны зунаас суларч эхэлжээ. 2008 оны намар нэг ам.доллар 6.8 юаньтай тэнцэж байсан бол 2009 оноос эргэн өсч, 2014 оны нэгдүгээр сард нэг ам.доллар зургаан юаньтай тэнцэж, ханш нь чангарч байсан. Мөн уг тайланд дурдсанаар ирэх онд Хятадын экспорт 4-6 , импорт 2-4 хувиар өсөх юм байна. Инфляцийн төвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс ирэх онд 2.2 хувьтай байх бол энэ оны хувьд 1.6 хувьтай байгаа гэнэ. Хятадын Статистикийн газрын мэдээлснээр тус улсын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 6.9 хувьд хүрсэн нь 1990 оноос хойшхи хамгийн доогуур үзүүлэлт ажээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)