Угаалгын шингэнд хордсон хүний тоо нэмэгдсээр байна
- 2016-12-22
- Дэлхий
- 0

Сибирийн Эрхүү хотод спирт агуулсан ванны лосьон уусны улмаас хордсон хүний тоо 98-д хүрлээ гэж тус улсын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Светлана Петренко мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ сарын 16-20-ны өдрүүдэд метилийн спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн уусны улмаас хордсон хүмүүсийн хэргийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн дотор муухайрах болон бусад шинж тэмдэгтэйгээр дээрх хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн” гэжээ. Техникийн спирт агуулсан ванны лосьон уусны улмаас 40 хүн нас барж, 58 иргэн хордлогод орсон байна. “Боярышник” /Долоогоно/ гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад антифриз буюу автомашины хөдөлгүүрийг хөлдөхөөс хамгаалдаг бодис болох метилийн спирт байсныг холбогдох албаны хүмүүсийн тогтоосон аж. Уг ванны лосьоныг үйлдвэрлэж, борлуулж байсан есөн хүнийг саатуулан байцааж байна гэж цагдаагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)