“Приват банк”-ийг төрийн өмч болгожээ

 

        Украины Засгийн газар дотоодын хамгийн том “Приват банк”-ийг төрийн өмчийн мэдэлд шилжүүлэхээр болсон байна. Украины Сайд нарын танхимын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд улс орны санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үүднээс Үндэсний банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн саналаар уг шийдвэрийг гаргасан тухай Засгийн газрын албан ёсны сайтад мэдээлжээ. “Приват банк”-ийг төрийн мэдэлд шилжүүлэх ажил өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн бөгөөд Сангийн яам 100 хувь эзэмших аж. Ингэснээр банкны үйл ажиллагаа, харилцагчдын хадгаламж, хөрөнгө мөнгийг илүү найдвартай хамгаалж үйл ажиллагаа тогтвортой болно гэдгийг онцолсон байна. “Приват банк” нь Украины хамгийн том санхүүгийн байгууллага юм. Банкны нийт хувьцааны 41.66 хувийг бизнесмэн Игор Коломойский, 33.25 хувийг Геннадий Боголюбов нар эзэмшдэг байна. Украины Үндэсний банкнаас гаргасан мэдээлэлд оны эхний долоон сарын байдлаар тус банк нь 268.9 тэрбум гривня буюу 10.2 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй, тус улсад үйл ажиллагаа явуулж буй 101 арилжааны банкнаас хамгийн том нь болж байна гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)