С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

 

        Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын Дэд бүтцийн сайд асан, талийгаач С.Зоригийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр үргэлжилнэ. Тодруулбал, гурван өдөр үргэлжилж буй шүүх хурал амралтын өдөр таарсан тул өнөөдөр үргэлжлүүлэн хуралдах шийдвэрийг гаргажээ. Шүүх хурал анх энэ сарын 14-нд болох байсан ч хохирогчдын өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, нэр бүхий хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу энэ сарын 21-ныг хүртэл хойшлуулаад байсан юм. Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг татсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнгөрсөн оноос эхлэн сэжигтнээр татаж ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Улмаар тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар яллагдагчаар татан ийн шүүж байгаа юм. Өнгөрсөн гурван өдрийн хуралдаанаар шүүгдэгч, гэрчүүд мэдүүлгээ өгсөн. Мөн улсын яллагч, өмгөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. Мөн хэрэгт холбоотой нотлох баримтуудыг шинжилсэн аж. Хуралд гэрчээр Н.Давааням, Г.Чулуунбат нар оролцож байгаа бөгөөд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Н.Давааням Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн. Шүүгдэгч Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл бий. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан аж. Шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, бүрэлдэхүүнд нь шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)