Доналд Трамп: Умард Солонгос баллистик пуужин хөөргөж чадахгүй

 

        АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп “Умард Солонгос тив алгасдаг баллистик пуужин хөөргөж чадахгүй, хэзээ ч тийм зүйл болохгүй” гэж хэлсэн талаар “Washington Post” онцолжээ. Өнгөрсөн бямба гаригт буюу шинэ жилийн баяраар Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ цөмийн цэнэгт хошуу бүхий алсын тусгалтай пуужин харвах өдөр ойртож байгаа бөгөөд бэлтгэл ажил сүүлийн шатандаа шилжсэн гэж мэдэгдсэн байна. Тэгвэл уг мэдэгдлийн хариуд Доналд Трамп өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Умард Солонгос улс Америкийн эрэгт хүрэх хүчин чадалтай цөмийн зэвсэг боловсруулах илжсэн тухай зарлалаа. Хэзээ ч тийм зүйл болохгүй” гэж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, БНХАУ-д хандан “АНУаас их хэмжээний бэлэн мөнгө, баялгийг зөвхөн нэг талт худалдааны журмаар авсан. Харин одоо Умард Солонгост туслахгүй байгаа нь үнэхээр гайхалтай” гэж жиргэсэн байна. Пхеньянын зэвсэглэлийн хүчээ нэмэгдүүлэх, цөмийн пуужин хөөргөх өдөр ойртож байгаа гэсэн мэдэгдлийн дараах Д.Трампын энэхүү хариу үйлдэл нь Умард Солонгостой холбоотой асуудлыг зохицуулахад Бээжингийн талаас тусламж үзүүлэхгүй байгааг буруутгасан, Умардын төлөвлөгөөг таслан зогсоохоо олон улсад амласан явдал болсон гэж шинжээчид дүгнэжээ. Мөн олон нийтийн дунд Д.Трампын энэхүү үйлдлийг “Үнэндээ Д.Трампад ямар ч төлөвлөөгүй байхгүй гэдгийг сая хэлсэн бардам үгсээрээ дамжуулан харууллаа” гэж тайлбарлах хүн олон байгаа юм. Түүнчлэн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-ы баллистик пуужин хөөргөнө гэсэн мэдэгдлийн дараа АНУ-ын шинэ засаг захиргаанд Пхеньяныг цөмийн зэвсэгтэй улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх гэрээ хэлэлцээртээ хөшүүрэг болгон ашиглах алсын бодлоготой “зохиомол” мэдэгдэл бөгөөд Д.Трампын сэтгэл зүйд дарамт үзүүлэх зорилготой үйлдэл гэж дүгнэж буйгаа шинжээчид илэрхийлсэн аж. Умард Солонгосоос АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай пуужин зохион бүтээх зорилтод хүрэхэд нэлээд ахиц дэвшил гарсан гэсэн мэдэгдлээс дүгнэхэд умардын тал тун удахгүй зорилгодоо хүрнэ гэж эсрэг таамаглал дэвшүүлж буй ажиглагчид ч мөн байгаа юм. Үүнээс гадна энэ сарын 8-нд буюу Ким Жөн Ун-ы төрсөн өдөр эсвэл 20-нд болох Д.Трампын тангараг өргөх ёслолын үеэр пуужинг туршиж магадгүй гэсэн таамгийг улс төр судлаачид дэвшүүлжээ. Д.Трамп өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох тал дээр анхаарах бөгөөд удирдагч Ким Жөн Ун-тай биечлэн уулзана” гэж хэлж байсан аж. Мөн тэрбээр Умард Солонгосын талаар баримталж буй АНУ-ын бодлогыг өөрчлөх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байдаг. Пхеньян өнгөрсөн онд хоёр удаа цөмийн туршилт хийсэн юм. Цөмийн туршилт хийж, удаа дараалан баллистик пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс умардын ойрын холбоотон БНХАУ-ын дэмжлэгтэйгээр тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгасан. Мөн өнгөрсөн сарын эхээр тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан АНУ-ын Засгийн газар дангаараа Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм. Умард Солонгос өмнө нь тив хоорондын алсын тусгалт пуужин олонтаа туршиж байсан боловч нэг ч удаа амжилттай болж байгаагүй аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)