Хятад, Лондоныг холбосон төмөр замыг ашиглалтад орууллаа

 

        БНХАУ болон Их Британийг холбосон төмөр замын сүлжээний нээлт боллоо гэж Хятадын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Төмөр замын анхны ачаа тээвэрлэлт БНХАУ-ын зүүн бүсийн нутгийн Жэжян мужийн Иу өртөөнөөс энэ сарын 1-нд хөдөлсөн байна. Холбогдох байгууллагын мэдээлж буйгаар, уг ачаа тээвэрлэлт нь 18 өдрийн турш 12 мянган км замыг туулж Лондон хотод хүрэх гэнэ. Бээжингийн уг төмөр замын тээвэр нь Ази, Европын орнууд буюу Казахстан, Орос, Беларусь, Польш, Герман, Бельги, Франц зэрэг улсаар дайран өнгөрч Лондонд хүрэх аж. Ийнхүү Лондон нь БНХАУ-тай төмөр замаар холбогдсон Европын 15 дахь хот болж байна. Галт тэрэг 200 чингэлэг ачаа тээвэрлэх боломжтой. Хоёр мянган чингэлгээр зөөвөрлөдөг далайн тээвэртэй харьцуулахад харьцангуй бага хэмжээ ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд илүү давуу талтай аж. Тодруулбал, Зүүн Азиас Хойд Европ хүртэлх далайн тээвэр 30 хоногийг зарцуулдаг бол төмөр замын тээвэр 15 хоног хүртэлх хугацаанд хүргэх боломжтой юм байна. Мөн үнийн хувьд агаарын тээврээс хоёр дахин хямд гэдгийг Их Британийн “Brunel Shipping” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Майкл Уайт уламжилжээ. Тэрбээр уг төслийг төмөр замын тээврийн салбарын өрсөлдөх чадвар болон хоёр улсын хоорондын тээвэр, ложистикийн хөгжлийг шинэ төвшинд гаргах онцгой ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцолсон байна. “Brunel Shipping” компани нь Хятад Мадридыг холбосон төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаанд хамтарч оролцдог байгууллага юм. Галт тэргээр Испаниас Чидун жимсний тос тээвэрлэж Хятадад хүргэдэг аж. Уг үйл явдлын хүрээнд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрбээр “БНХАУ, Их Британийн харилцааны “алтан” үе үргэлжилж байна. Их Британи улс Европын холбоог орхихоор зэхэж буй энэ цаг үед БНХАУ олон тэрбум долларын ашигтай чухал хөрөнгө оруулалт хийлээ” гэжээ. Энэ удаагийн үйл явдал нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2013 онд санаачилсан “Нэг бүс, нэг зам” бодлогын төвшинд Европын орнуудтай худалдааны харилцаагаа өргөжүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн алхмын хүрээнд хийж буй нэгэн зорилтот алхам юм. Ази тив дэх төмөр замын ачаа тээврийн хамгийн том цэг БНХАУ-ын дотоод бодлогод тусгасан хөгжүүлэх чиглэлийн жагсаалтын дээгүүрт төмөр замын салбар багтдаг учраас сүлжээ байгуулах, өргөтгөх асуудалд хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлтийн бодлогыг нарийн боловсруулдаг аж. Тухайлбал, 2008 онд Хятадын Төрийн зөвлөл 2020 он хүртэл төмөр замын сүлжээг өргөтгөх төсөлд зориулан хоёр их наяд юань буюу 292 тэрбум ам.долларыг баталж байжээ. Мөн өнгөрсөн сард Бээжингийн талаас энэ салбарт 3.5 их наяд юань зарцуулж, одоо байгаа төмөр замын сүлжээг 30 мянган км-ээр уртасгах төлөвлөгөөг мөн баталсан аж. Хятад улсын “Торгоны шинэ зам” гэж нэрлээд буй энэ төслийн хүрээнд тээврийн коридоруудыг улам олон салаа мөчиртэй болгож, өргөжүүлэх бодлого баримталж байна. Овор жин багатай үнэ цэнэтэй ачаа, түүхий эдийг Европын зах зээлд хүргэх өгөөжтэй зам болно гэж шинжээчид үзэж байна. Шинжаан, Казахстан, Төв Азийн орнуудыг дайран өнгөрөх энэ шугам Ази, Европыг хамгийн дөт байдлаар холбодог торгоны зам дагуу байрлаж байгаа нь эдийн засгийн болон батлан хамгаалах салбар, улс төр, стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлж болох юм. Сонирхуулахад, Иу өртөөнөөс Лондон хүртэлх зам нь Нью-Йорк хотоос Лос-Анжелес хүртэл 6.5 удаа явахтай ижил замыг туулдаг байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)