Дэлхийд урт наслалтаараа тэргүүлдэг таван орон
- 2017-01-07
- Дэлхий
- 0

ЦЭВЭРЧ, ХӨДӨЛМӨРЧ ЯПОНЫ ОКИНАВА АРЛЫНХАН
Японы Окинава арал, Италийн Камбутвел тосгон, Грекийн Шими арал, Пакистаны Ханша тосгон, Хятадын Бама уулын тосгоныхон дэлхийд урт наслалтаараа тэргүүлж, эхний тавд бичигддэг аж. Тодруулбал, энэ таван газрын иргэд онцгой чийрэг байж 90 нас гарч 100 хүрсэн ч ямар ч өвчингүй өдөр тутмын ажил, хөдөлмөртөө оролцсоор явна. Үнэн атлаа бодит амьдралын түүх тул үүний нууцыг олон орны судлаачид мэдэхийг ихэд чармайх болжээ. Тэд эл хүмүүсийн аж байдал, зан заншил, газар орны нөхцөл байдал, бусад онцлог шинжийг өнөөг хүртэл судалж, олж мэдсэн туршлагаа олон нийтэд түгээсээр яваа юм. Ингээд уншигчдадаа эдгээр таван орны тухай товч танилцуулъя.
Эхний танилцуулах газар Японы Окинава арал. Энэ нь Японы өмнөд хэсэгт Жү лүн буюу Тайван арлын дунд байрлах жижигхэн арал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг арлынхныг өндөр наслалттай улс буюу хүн амын дундаж наслалт 81.9 хүрсэн гэж онцолж, наслалтаараа тэргүүлдэг таван орны жагсаалтад нэрийг нь зүй ёсоор бичжээ. Арлынхан өдрийн хоолондоо амтат тоор, тарвас, алим, гадил, улаан лооль, үнэрт гуа зэрэг шинэ жимс түлхүү хэрэглэнэ. Далайн замгийг үс цайх, унахаас хамгаалдаг гэж хүнсэндээ сонгодог аж. Загасны махыг голчилж тэр дундаа далайн гүний загасаар бэлтгэдэг сү ши хэмээх япон хоолоо илүү зооглодог байна. Буурцгийн жан, бяслаг соёолж, зутан идэх нь хавдар, зүрх судасны өвчнөөр бага өвдөж, урт наслах шалтгаан болдог гэж үздэг аж. Амьдралын ерөнхий чиг байдлыг судлахад хөнгөн шингэн, тос багатай, шим тэжээллэг хоол хэрэглэх, хөдөлмөрч, хүн бүр эрүүл мэндийн ном, сонин унших зуршилтай, дасгал хөдөлгөөнд идэвхтэй оролцдог, өдөр бүр усанд ордог цэвэрч хүмүүс байдаг аж.
МӨНХ НАСТНУУДЫН ОРОН ХАНША
Үлгэрийн орон буюу мөнх настнуудын өлгий нутаг гэгддэг Пакистан улсын зүүн эргийн өндөрлөгт орших үзэсгэлэнт Ханша тосгон. Далайн төвшнөөс 2438 метрийн өндөрт, ууланд орших тус газрыг олон орны эрдэмтэн, судлаачид “Хүмүүс нь хөгширдөггүй мөнх настнууд” хэмээн дуу алдсаар өнөөг хүрчээ. Тэдний нэг доктор Роберт Майкорс 1960-аад онд Ханша тосгонд долоон жил амьдарч хүмүүсийнх нь урт наслалтын нууцыг судалжээ. Судалгааныхаа дүгнэлтэд “Эндхийн оршин суугчид үнэхээр урт настай, золбоолог, чийрэг, өвчилнө гэдгийг мэдэхгүй” хэмээн тодорхойлсон нь олон хүний гайхшралыг төрүүлжээ. Эл тосгоныхон онгон байгалиа шүтэж, органик хүнс хэрэглэснээр бие махбод нь онцгой эрүүл чийрэг байдаг аж. Тэр дундаа гүйлс өргөнөөр хэрэглэнэ. Гүйлсийг бяцлан өндөр уулын тэсгим хүйтэн усанд хийж мөсөн ундаа болгон хэрэглэж, шөл болгон уух аж. Мөн өдөрт 50-100 ширхэг гүйлсний жимс иддэг. Бас гүйлс идэх уламжлалт тэмцээнийг байнга зохион байгуулна. Шинжлэх ухаанд нотолсноор шинэ гүйлсэнд төмөр, цайр, кальци болон төрөл бүрийн аминдэм агуулагддаг байна. Бүр ямар ч хүнснээс олохооргүй 15 төрлийн аминдэм зөвхөн гүйлсэнд элбэг байдаг аж. Сүүлийн арван жил гүйлсээр хүний эрүүл мэндэд тустай нэмэлт тэжээл хийн дэлхийн зах зээлд гаргадаг болжээ. Мөн тэд сармис, халуун ногоог өргөнөөр, бага хэмжээний мах буюу цагаан идээ хэрэглэдэг аж. Буурцаг, хонины махтай бууз иднэ. Өдөртөө 10-15 аяга ус уух заншилтай. Ногоон цай, ургамлын хандалсан цай ихээр уудаг аж.
ДАЛАЙ ТЭНГИСТЭЙ АЙЛССАН ИТАЛИЙН КАМБУТВЕЛИЙНХАН
Италийн Камбутвелийн ард түмэн урт наслалтаараа тэргүүлдэг орны гуравдугаарт бичигджээ. Ихэнх нутаг нь далай тэнгистэй хил залгасан уулархаг, өндөрлөг, хангай газар. 301.2 хавтгай дөрвөлжин километр газар нутаг бүхий үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөн долоон сая хүн амтай орон юм. Мотоцикль унасан ерэн настай өвгөн урдахь хүмүүстэйгээ уралдан түрүүлсээр тариан талбайдаа ирэх нь сонин биш энгийн үзэгдэл байдаг аж. Энэ тосгонд 85 наснаас өмнө нас барсан хүн цөөн гэх. Ихэнх айл тариан талбайтай. Түүндээ дуртай ногоогоо тарьж, улаан, цагаан дарс даршуулан нэрдэг уламжлалтай. Гадаадын ихэнх оронд үхлийн гол шалтгаан болж буй зүрхний өвчин энэ тосгонд байхгүй. 1985 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус тосгоны 80 настнуудын дунд шинжилгээ хийхэд цусны даралт нь бүр хүүхдийнхтэй адил гэсэн судалгаа гарчээ. Хүнсэндээ жимс ногоо голлож, ургамал буюу загасны тосыг түлхүү хэрэглэдэг. Сүү, тараг, буурцгийн шөлтэй итали хоол түгээмэл иддэг аж. Сармис, улаан лооль, бага хэмжээний мах, ногоог буурцгийн шөлөнд буцалган гурил чанаж хэрэглэнэ. Үхрийн элэгний шөл хийж уух нь элбэг. Үхрийн элэг хуурч сармис, сүү бусад амтлах ногооны хамт хийж чанан өдрийн хоолондоо их ууна. Грекийн их сургуулийн судалгаагаар тэд үдэд 1-2 цаг унтаж, шөнөдөө найман цаг унтахыг баримталдаг нь урт наслах гол шалтгаан болжээ.
ЦАЙ СУДЛААЧДЫН АНХААРЛЫГ ТАТСАН БАМА ТОСГОН
Хятад улсын өмнөд хэсэгт орших Гуанши мужийн Жуан үндэстний өөртөө засах орны Бама тосгон Наннин хотоос баруун урагш 250 км зайд орших ба 238 мянган хүн амтай аж. Цай судлаачдын анхаарлын төвд орсон гэдгээрээ алдартай. Зуу гаруй наслаж буй 74 хүнийг шинжилгээ, судалгаанд хамруулахад 68 хувь нь урт наслалтын удамшилтай буюу урт насалдаг гэр бүлд төржээ. Японы нийслэл Токио хотноо болсон дэлхийн 13 удаагийн Байгалийн анагаах ухааны хурлаас Бама тосгоныг дэлхийн урт наслалтай таван орны жагсаалтад 2003 оны арваннэгдүгээр сарын 11-нд өргөмжилсөн байна. Энэ нутгийн уугуул иргэд “Олсны үр”-ийн шөл уудаг. Олсны үр нь тэр нутагт ургадаг нэгэн ховор ургамлын тос аж. Энэ тос нь өдгөө дэлхий дээр цорын ганц усанд уусдаг ургамлын тос аж. Уг тосыг байнга хэрэглэснээр цусны даралт бууруулж, судас хатуурах, өтгөн хатахаас сэргийлнэ. Мөн тэд мах, чихэрлэг зүйл бага хэрэглэдэг. Хүмүүс ажил, амьдралынхаа дунд лууванг хаа явсан газраасаа түүж, усанд угаан түүхийгээр нь идэх аж. Загас, тахианы мах хүнсэндээ хэрэглэнэ. Эмт ургамал элбэг учир хүн орхоодой зэрэг чухал ургамлыг байгалиас түүн архинд хийж уудаг аж. Үүнийг үе мөчний өвчинд сайнаас гадна урт наслуулдаг гэж үздэг юм байна. Бие чийрэгжүүлэх “Тайжи” амьсгалын дасгал их хийдэг. “Баяр хөөртэй амьдрах нь энэ нутгийнхны давуу тал” гэж эрдэмтэн, судлаачид бүтээлдээ онцлон бичжээ. Ихэнх айл, өрх сэтгэл санааны дарамт, уур бухимдал гэж байхгүй. Хүнсэндээ мөн амтат төмсийг түлхүү хэрэглэхийг зорьдог. Төмсөөр зууш хийн, жигнэхээс гадна галын нурманд булж иднэ. Бас амтат шөл хийж зооглоно. Эдэнэшиш чанаж идэх буюу боов хийнэ. Бама тосгоны Настны хүрээлэнд амьдардаг 101 настай Нуа шиг таван үеийн хүмүүс нь байнга ирж эргэдэг аж. Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг байсан тэрбээр урт насалж байгаагаа “Насаараа баяр хөөртэй, сэтгэл зовохгүйгээр амьдарч буйтай холбоотой” гэдэг. Ер нь зуу хүрэгсэд бие болоод хувцсаа угаах зэрэг ажлаа өөрсдөө хийдэг төдийгүй загас, тахианы махтай хоол зооглож, давс маш бага хэрэглэдэг байна.
ГРЕКИЙН ШИМИ АРЛЫНХНЫ ҮС БУУРАЛТДАГГҮЙ
Урт наслалтаараа тэргүүлдэг тавдахь орон бол Грекийн Шими арлынхан. Энэ аралд амьдардаг хүмүүс “хөгширдөггүй” үс гэзэг нь бууралтдаггүйгээрээ онцлогтой. Тариан талбай, ажил үйлчилгээний газар, жуулчдын дунд ная, ер, зуу хүрсэн ажилч хичээнгүй хүмүүсийг олж харах нь элбэг. Тухайлбал, зуу насална гэдэг энэ нутгийнхны хувьд энгийн үзэгдэл. Тэд голдуу тариа болон загасны аж ахуй эрхэлнэ. Цөөн тооны мал аж ахуй эрхлэх тохиолдол бас бий. Нимбэг, үзэм, лийр, улаан лооль, тоор зэрэг жимс тэдний гол хэрэглээ. “Ган лан юү” хэмээх тосыг зууш болон бүх төрлийн хоолондоо өргөн хэрэглэдэг. Загас, тахианы мах хэрэглэж, бүх төрлийн хоол, шөл, зуушаа сармисаар хачирлана. Шими арал гол мөрөн далайн хөвөөнд ус, агаар, чийг хосолсон цэнгэг орчинд байршсан. Гэр, байшин нь уул, бэл дамнасан машин унаа гарахын аргагүй газар байдаг аж. Хүмүүс нь өдөрт 300 гаруй шатыг нэгээс хоёр удаа өгсөн, уруудан аж амьдралаа эрхэлдэг. Уламжлалт хоол лабинлан нь ходоодны өвчинд сайн, нас уртасгах шидтэй. Энэхүү халуун ногоог туулай, загасны махтай хольж зочдоо дайлна. Түүнчлэн Шими улаан дарсаараа алдартай. Тэр дундаа нэрс, гүйлсний дарс нь хамгийн сайн гэж зүй ёсоор үнэлэгджээ. Хонь, ямааны сүүгээр бүрсэн тараг, үнээний сүү байнга ууна. Буурцгийг улаан лооль, сармис зэрэгтэй хольж идэх нь элбэг. Шими аралд олон үеэрээ амьдарч буй 96 настай Зоржи Гүржин уулын тосгон дор байрлах дэлгүүр худалдааны газар очих 80 шатыг өдөрт 1-2 удаа алхаж туулдаг. Түүнчлэн тэрбээр үүр хаяархтай зэрэгцэн босч, гэрийн аар саар ажлаа амжуулан цэцэрлэгээр зугаална.
Урт насалж байгаа нууцаа ажил, хөдөлмөр их хийсэнтэй холбож өдрийн цагт цагийн ажилдаа санаа зовж, түүртэлгүй хийдэг талаар нөхдөдөө байнга ярьдаг аж. Мөн тэр үдээс өмнө нарны туяанд биеэ шардаг. Долоо хоногт нэг удаа мах, 2-3 загас идэж, талх, сүү, жимс ногоогоор хооллож, өдөрт 1.5 литр орчим шингэн хэрэглэдэг аж. Цайндаа лиш, шанз зэрэг ургамлыг хачир болгон уудаг аж. Харин 107 настай Эсмилэт ач охин Марияагийн хамт уулын оройд байрлах гэртээ амьдардаг. Малын сүү, тараг зардаг ажил хийдэг байсан тэрбээр 100 настай байхдаа уулнаас өдөрт 3-4 удаа буун, эргэн гардаг байж. Ач охин Марияа эмээгийнхээ тухай “100 гаруй насалтлаа өвдөж зовоогүй. Нэг удаа ч эмчид үзүүлээгүй, маш чийрэг, ажилсаг. Идэх нь бага. Чихэрлэг зүйлд дургүй. Долоо хоногт хоёроос доошгүй удаа загасаар хооллодог. Малын мах иддэггүй. Цөцгий, улаан лооль, жимс, зууш хэрэглэж, бага хэмжээгээр дарс уудаг. Үр хүүхдээ зовоохгүй гэж маш их хичээн хөдөлмөрлөж амьдардаг” хэмээсэн байна.
Б.Дарь

Сэтгэгдэл (0)