Э.Одбилэг: “Өнөр бүл-2” төслийн барилга аль нэг байгууллага, хэн нэгний өмч болохгүй
- 2017-01-24
- Үнэн
- 0
-БИД БАРИЛГАА БАРЬЖ ДУУСГААД ТӨРД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ-
“Өнөр бүл-2” төслийн удирдагч Э.ОДБИЛЭГТЭЙ ярилцлаа.
-“Халуун сэтгэлээр илч нэмж, хамтдаа бүтээцгээе” уриатай “Өнөр бүл-2” зорилтот төсөл, хөтөлбөр нээлтээ хийгээд удаагүй байна. Гэсэн ч дэмжих хүсэлтэй хүн олон байгаа гэсэн. Энэ нь магадгүй төсөл удирдагчийн ажил идэвхтэй, сайн байгааг илтгэж байгаа нэг үзүүлэлт болов уу. Тэгэхээр та бүхэн төслийн ажлаа улам өргөн далайцтай болгохын тулд яг одоо юу хийж байна вэ?
-Одоогоос олон жилийн өмнө монголчууд халуун сэтгэлээрээ нэгдэж Жанрайсиг бурхныг бүтээж, дараа нь Монгол бөхийн өргөөтэй болсон. Ард түмний сэтгэлийн хандиваар шашны болон спортын цогцолборыг босгож байлаа. Харин сайн үйлсийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажил одоогоор байхгүй. Тиймээс “Өнөр бүл-2” төсөл анхных нь болох юм. Монголчуудыгаа зүрх, сэтгэлээрээ “Өнөр бүл-2” төсөлд нэгдэж, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоосой гэж уриалъя. Дөнгөж сая бид МҮОНРТ-ийн захиргаанд албан бичиг хүргүүллээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар олон талын төлөөлөл оролцуулж нээлттэй хэлэлцүүлэг, нэвтрүүлэг хийх хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн. Нэвтрүүлэгт оролцож болох төлөөллийг нэрлэж, холбогдох байгууллагуудад нь албан бичгээ мөн хүргүүлсэн. Бүгд зөвшөөрсөн хариуг бидэнд өгсөн. Түүнчлэн төслийн талаарх танилцуулга материалыг хувийн хэвшлийн байгууллагуудад хүргэхэд бүгд нааштайгаар хүлээн авч, туслалцаа үзүүлэхээ амлаж байна. Зарим нь түрүүчээсээ туслаад эхэлчихлээ. Дөнгөж сая “Айтүүлс” ХХК-ийн itools.mn-ийн хамт олон манай төслийн интернэт дэх хаягийг хийж өгч, харилцагч байгууллагууддаа түгээхээр боллоо. Энэ мэт дараа дараагийн дэмжлэг, туслалцаа ар араасаа орж ирж байгаад сэтгэл хангалуун байна. Ер нь “Өнөр бүл-2” төсөл нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ажлын явц сайн байна гэж дүгнэж болох байх.
-Төслийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр танай багийнхан өөрийг тань мэдлэг боловсрол өндөртэй, биднийг удирдах бүрэн боломжтой гэж онцолсон. Тэгэхээр олны итгэлийг дааж, бүтээн байгуулалтын энэ том ажлыг хийнэ гэдэг амаргүй. Өмнө нь нийгмийн хариуцлагатай ажилд оролцсон туршлага хэр бий вэ?
-Би Бельги улсад боловсрол эзэмшиж, бодлого боловсруулагч мэргэжлээр төгссөн. Тэгэхээр миний хувьд нийгмийн хариуцлагын зүгээс хэрэгжүүлж, хийх гэж байгаа анхны ажил энэ “Өнөр бүл-2” төсөл биш. 2013 онд манай гэр бүлийн зүгээс Улаанбаатар хотод хогийн савны асуудлыг ярьж, шийдэж байлаа. Тэр үед энэ талаар хэн ч яриагүй байсан цаг. Гэр бүлийнхэнтэйгээ хамгийн анх энэхүү ажлыг санаачилж, Офицеруудын ордноос Таван шар хүртлэх автобусны буудлуудад 50 ширхэг хогийн сав өөрсдийнхөө хөрөнгөөр хийж, байршуулсан. Одоо манай гэр бүлийнхэн төрийн бус байгууллага ажиллуулж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ, сувилгаа үзүүлж байна.
-Тэгвэл “Өнөр бүл-2” төсөл амжилттай хэрэгжихэд тулгарч байгаа гол бэрхшээл юу байна вэ?
-Төслийг эхлүүлэхэд бидэнд байгаа боломж, бололцоо гэвэл одоо ашиглаж буй, Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын хугацаа нь дууссан гэх дүгнэлт гаргасан барилгын газар байсан. Хэрэв бидэнд боломж бололцоо олдвол шинэ барилгаа өөр газар барих төлөвлөгөө, хүсэлтэй байгаа. Энэхүү хүсэлтээ нийслэлийн захиргаа болон төрийн байгууллагуудад уламжилна. Хүсэлтийг нааштайгаар хүлээж авах болов уу гэсэн итгэл найдвар өндөр байна. Учир нь, барилга баригдсаны дараа санаачлан хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын нэр, эсвэл ямар хэн нэгэн хувь хүний өмч болохгүй. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын “Өнөр бүл-2” төслөө дуусгаад бид төрдөө хүлээлгэж өгнө. Цаг үе хүнд, эдийн засаг хямралтай байгаа ч монголчууд бид нэгдэн, нийлж нэг том бүтээн байгуулалтын ажлыг хийгээд эх орон, төр засагтаа хүлээлгэж өгч яагаад болохгүй гэж. Энэ нь нэг, арав биш олон жилийн настай байх болно. Тэр тусмаа олон хүүхэд, нийгмийн эмзэг, магадгүй нийгмийн халамж нэн шаардлагатай тэр бүлэг хүн хэрэглэж байг гэсэн үүднээс бүтээж байна. Магадгүй, “Өнөр бүл-2” төсөл энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт болж чадна гэсэн итгэл ч бидэнд бий.
-260 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн цогц шийдэл бүхий цогцолборыг бий болгохоор та бүхэн зорьж байна. 2018 оны гуравдугаар улиралд багтан барилгыг ашиглалтад оруулна гэсэн тооцоо, төлөвлөгөө хүртэл гарчээ. Үүнийг сонссон “Өнөр бүл” төвийн хүүхдүүд ч шинэ барилгаа тэсч ядан хүлээж байгаа нь лавтай. Цаг хугацааны хувьд төлөвлөсөн хугацаандаа багтан ашиглалтад орох боломж хэр байна вэ?
-Барилгыг барьж бүтээхэд нэг их хугацаа орохоо байсан цаг үе. Хөрөнгө, мөнгөний тал дээр гацахгүй, газрын асуудлыг аль болох эрт шийдээд өгчихвөл ажлаа хурдан эхлэх боломжтой. Эх орондоо үйлдвэрлэж байгаа материалаар “Өнөр бүл-2” төслийг дэмжье гэсэн санал, хүсэлтээ ч үйлдвэрлэгчид түрүүчээсээ бидэнд ирүүлсэн байгаа. Бүтээн байгуулалтынхаа ажилд дотоодын үйлдвэрлэгч болон ажиллах хүчийг зуун хувь оруулна. Монголчууд бетон зуурмаг, арматур, хаалга, цонх, цахилгааны утас гээд бүгдийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Тэгэхээр үндсэндээ барилгын 90 гаруй хувийг зөвхөн дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээр барих боломжтой. Тэгээд ч бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж ажиллана.
-Төслийн багийнхан олуулаа юу. Ямар мэргэжилтэй хүмүүс давамгайлж байна. Хүний нөөцийнхөө талаар товч танилцуулна уу. Магадгүй, зарим хүн та бүхний ард улс төрийн болон нэр нөлөө бүхий хүн бий гэж бодож байж болох юм?
-Хүний нөөц гэвэл бодлого, төлөвлөгөө, удирдлагын тал дээр цомхон баг ажиллаж байгаа. Өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын туршлага дээр багийн бүрдүүлэлт, зохион байгуулалтыг хийсэн. Монголчууд цэрэг байлдааны үед нэгийн дор арав, арвын дор зуу, зуугийн дор мянга гэж явж ирсэн. Яг үүнтэй адил бидний ажил явж байгаа. Төслийн удирдагч, зохион байгуулагч, төлөвлөлтийн баг гэсэн зохион байгуулалтаар ажиллаж байна. Мөн санхүү хяналтын баг тусгайлан ажиллана. Гэхдээ сайн үйлсийн, ашгийн бус хандивын хөтөлбөр болохоор бид аль болох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг чухалчилж байна. Ер нь бидний дунд санхүү эдийн засаг, аудитын мэргэжлийн хүн олон бий. Тэгэхээр барилгын талын бизнес эрхэлдэг хүн үүнийг хийх гээд байна уу гэвэл үгүй юм. Би л гэхэд барилгаас бүр хол бодлого боловсруулагч мэргэжилтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энгийн л хүмүүс манай төслийн багийхан дунд давамгайлж байна. Хэн нэгэн нууц ноёнтон, төмөр хатагтай бидний ард байхгүй. Улс төрийн хувирамтгай байдлаас болж хүн болгон хартай болчихсон. Тэгэхээр цагаан сэдэлтэй ажил, цагаанаараа яваад дуусаасай. Хамгийн гол нь төслийн ажлыг битгий улстөржүүлээсэй гэж хүсч буйгаа хэлэх нь зүйтэй байна. Гол нь энэ Засгийн газар болон өмнөх Засгийн газарт эрх барьж байсан нэр нөлөө бүхий бүх хүнийг “Өнөр бүл-2” төсөлд гар, бие оролцож дэмжиж, туслаасай гэж хүсч буйгаа илэрхийлье. Түүнчлэн миний хамгийн их хэлмээр санагдаж байгаа нэг зүйл байна. Энэ засаг гарснаас хойш “Өнөр бүл”-ийн хүүхдүүдийн байдал муудчихсан юм огт биш. Нөгөөтэйгүүр өмнөх засгаас болж бас доройтож, энэ засаг сайжруулах гээд байгаа юм бас байхгүй. Аль 1974 оноос үйл ажиллагаа нь тасралтгүй өнөөг хүртэл явж ирсэн ч бусад салбар шиг “Өнөр бүл” төвийн үйл ажиллагаа хөгжсөнгүй. Харин ч бүх талаар орхигдсон. Тэгэхээр энэ салбарыг онцлоосой, хараасай, илүү сайжруулж, засч залруулаасай гэж хүсч бид энэ төслийн ажлаа эхлүүлснийг хаа хаанаа зөвөөр ойлгох хэрэгтэй байна.
-Хөтөлбөрт хандивын аянг гадаадад өрнүүлэх ажил хэзээ эхлэх вэ. Мөн гадаадаас нэр, нөлөө бүхий хүн дэмжихээ илэрхийлж байгааг та бүхэн дуулгасан. Нууц биш бол тэр хүнийг танилцуулахгүй юу?
-Төслийн үндсэн чиг гадаад болон дотоодод сурталчилна гэсэн хоёр үүрэгтэй. Гадаадад явуулах аяны хөтөлбөрийг ирэх гуравдугаар сард эхэлнэ. Гадаадад байгаа монголчуудын холбоо болон ЭСЯ-аар дамжуулан энэ ажил идэвхжинэ. Хүмүүнлэг болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбогдож хөтөлбөр маань цааш үргэлжлэх юм. Ер нь “Өнөр бүл- 2” төслийн хэтийн төлөв, дээр хэлсэнчлэн өөрөө их цагаан юм. Хүүхэд, тэр тусмаа хараа хяналтгүй, өнчин хүүхдэд туслая гэсэн сэдэлтэй учраас иргэн, байгууллагууд гээд ер нь бидний хандсан олонх газар эергээр хүлээн авч байна. Иймээс бид үүн дээр түшиглэж төслийн ажлаа цаашид аль болох чанартай, далайцтай хийхийг зорьж байгаа. Харин бидэнд туслахаа илэрхийлсэн олны танил хүн бол Азийн орны хүн байгаа. Мөн Америкийн иргэн ч байна. Харин тухайн үедээ олон улсад өөрөө зарлаж гарч ирэх байх. Тэр үед нь ил болгоё.
-Тэгэхээр өөрт тань энэ төслийг эхлүүлэх санаа хэрхэн төрсөн бэ. Яагаад төслийн удирдагчаар ажиллах болов?
-“Өнөр бүл-2” төслийг боловсруулах, эхлүүлэх санааг яг үнэндээ хэвлэл мэдээллийнхэн, тэр дундаа сэтгүүлч та нар надад болон манай багийнханд хэлж өгч, бодит байдлыг дэлгэн харуулж, юу хийж болох вэ гэсэн сэдлийг төрүүлсэн. Тэр дундаас үүнийг олж харсан, онцолсон нь би байж магадгүй юм. Гэхдээ надаас өөр хэн нэг хүн, хэзээ нэгэн цагт эл төслийг эхлүүлэх байсан нь лавтай. Тэгэхээр энэ салбарыг олж харах мэлмийг минь нээж өгсөн сэтгүүлчдэдээ баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье. Төсөл амжилттай хэрэгжих галт тэргийг зогсоолд нь байршуулж, түлхэж өгсөн сэтгүүлчдийнхээ өөдрөг санааг бид амжилттай ажил хэрэг болгох урам зориг их байгааг бас хариуцлагатайгаар дуулгая.
-Төслөө амжилттай хэрэгжиж, барилга сүндэрлэж байна гэсэн мөрөөдөл танд их байгааг ярилцлага хийх явцдаа мэдэрсэндээ олзуурхаж байна. Өнөө үед эерэг төсөөлөл, тэр дундаа мөрөөдөл хамгийн чухал болсон цаг шүү дээ. Ер нь хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Нэг найз маань надад жил гаруйн өмнө “Дээврийн хөндийн мөрөөдөл” нэртэй ном бэлэглэсэн. Номд түүхэнд үлдсэн болон өнөө цагт амьдарч буй хүмүүсийн амжилтад хүрсэн нууцаас дэлгэсэн байв. Тэр хүмүүс мундаг мөрөөдөгчид байж чадсан юм билээ. Хамгийн гол нь төсөөлөн бодсон мөрөөдөл нь бодит зүйл болсон байдаг. Яг үүнтэй адил би “Өнөр бүл-2” төслийн ажлаа төлөвлөн явж байхдаа маш ихээр мөрөөддөг. Өрөө тасалгаа, тэнд тоглож, эрүүл бойжин өсч байгаа хүүхдүүдийг хүртэл сайхнаар төсөөлдөг. Тэр хүүхдүүд дунд би өөрөө орж суугаад хоол идэж, бүр барилгын ажлаа дуусгаад хүлээлгэж өгч байна гэж хүртэл төсөөлдөг. Мөрөөдөл бол хүчтэй. Энэ бол миний хамгийн ойр, хамгийн хүчтэй мөрөөдөл гэж хэлж болно. Тиймээс “Өнөр бүл- 2” төслийн ажил хурдан биеллээ олж, амжилттай сүндэрлээсэй гэж хүсч байна. Тэгээд ч хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлэх, монгол хүүхэд бүрийг гэр бүл, түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулахыг зорьж байгаа учраас төслийн ажил амжилттай өндөрлөх нь лавтай. Гол нь элэг нэгт монголчуудаа идэвхтэй оролцоосой гэж дахин уриалах байна.
Б.Даариймаа

Сэтгэгдэл (0)