MH370 онгоцны ослын хохирогчдын гэр бүлтэй уулзана
- 2017-01-24
- Дэлхий
- 0
Малайзын Зам тээврийн сайд Лио Тион Лай сураггүй алга болсон MH370 онгоцны зорчигчдын ар гэрийнхэнтэй Австралийн Перт хотноо уулзахаар болжээ. Онгоцонд сууж явсан зорчигчдын гэр бүлийнхний “The Voice 370” бүлгэмийн хэвлэлийн төлөөлөгч Даниса Вийкс уг мэдэгдлийн дараахан Зам тээврийн сайд Лио Тион Лайд өнгөрсөн долоо хоногт гаргасан эрлийн ажиллагааг зогсоох шийдвэрээ дахин бодолцож үзэхийг хүссэн утга бүхий захидал хүргүүлжээ. Харин Лио Тион Лайн сэтгүүлчдэд “Би захидлыг хүлээн авлаа. Тэдэнтэй уулзаж ямар нэгэн зохистой шийдвэрт хүрнэ гэж найдаж байна” хэмээн ярьжээ. MH370 онгоц нь 2014 оны гуравдугаар сард Куала-Лумпураас Бээжинг чиглэн нисэх замдаа сураггүй алга болсон юм. Онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна 227 зорчигч сууж явсан аж. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар сард Мозамбик улсын эргээс уг онгоцны хэсгийн бага оврын сэгийг олсон байна. Энэ сарын 17-нд Австрали, Малайз болон Хятад гурван улсын эрлийн албаныхан Энэтхэгийн далайд 120 мянган хавтгай дөрвөлжин км талбайд үр ашиггүй эрлийн ажиллагаа явуулсны эцэст зогсоох шийдвэр гаргажээ. Харин хохирогчдын гэр бүлийнхэн энэ шийдвэрт харамсч буйгаа илэрхийлээд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа уламжилсан аж.

Сэтгэгдэл (0)