Ф.Кишида Доналд Трампын шийдвэрийг хүлээж байна

 

        Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида өнгөрсөн ням гаригт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр “АНУ-ын шинэ засаг захиргаа хоёр орны хооронд байгуулсан Хамтын ажиллагааны аюулгүй байдлын гэрээнд заасан Сэнкакү арлын батлан хамгаалах заалтын дагуух үзэл баримтлалаа нэн даруй илэрхийлэх шаардлагатай” гэж мэдэгджээ. Тэрбээр “АНУ Хятад улстай маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг хамгаалах амлалтаа баталгаажуулах нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой зүйл юм” гэсэн аж. Түүнчлэн ирэх хоёрдугаар сарын эхээр зохион байгуулах дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар баталгаа өгнө гэж найдаж буйгаа уламжилсан байна. Мөн энэ үеэр Доналд Трампын засаг захиргааны баримталж буй Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарах тухай баримтлалд тааламжгүй хандаж буйгаа илэрхийлээд “Чөлөөт худалдаа бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр. Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийн гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэгчид байдаг” гэжээ. Үүний зэрэгцээ, Японы улс төрийн намын удирдагчид Д.Трампын засаг захиргаа арлын хамгаалалтын талаар эсрэг байр суурьтай байх вий гэж эмээж буйгаа мэдэгдсэн байна. Эрх баригч Либерал ардчилсан намын дэд дарга Масахико Комура “Хэрвээ улс орнууд зөвхөн өөрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьдаг байсан бол дэлхийн эдийн засаг сүйрэх байсан. Бид Д.Трампын “Америкчууд эн тэргүүнд” бодлогын үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Д.Трамп Номхон далай дамнасан түншлэлийн гишүүн хэвээр байх нь улс орны эдийн засагт нь эерэг нөлөөтэй гэдгийг ойлгох ёстой” гэжээ. Мөн Гадаад хэргийн сайдын энэхүү мэдэгдлийн өмнөхөн буюу өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ын эргүүлийн гурван хөлөг онгоц Дорнод-Хятадын тэнгист орших Сенкакү арлын маргаантай хэсэгт нэвтэрсэн байна. Хятадын хөлөг онгоцууд Кабушима арлын ойролцоо орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагийн орчимд үзэгдсэн бөгөөд ойролцоогоор гурван цаг хагасын хугацаанд тухайн бүс нутагт саатжээ. Гэхдээ ямар нэгэн эсрэг үйлдэл хийгээгүй гэж эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн аж. Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаантай асуудал 70 гаруй жилийн турш намжмал байж байгаад өнгөрсөн 2012 оноос хойш хүчээ авсан юм. Токиогийн хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа зарласнаас хойш Япон, Хятад хоёр улсын хоорондын харилцаа улам бүр ширүүсчээ. Түүний дараахан Японыг эсэргүүцсэн жагсаал БНХАУ-д өрнөж, Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлын орчимд байнга эргэлдэн, үе үе эргийн бүс рүү нэвтэрдэг болсон аж. Хятадын хөлөг онгоц маргаантай бүсэд ойр ойрхон нэвтэрч буй энэ цаг үед Японы эрх баригчид АНУын байр суурийг яаралтай сонсох нь эн тэргүүний асуудал гэж шинжээчид дүгнэж байна. АНУ 1960 оны есдүгээр сарын 19- нд Япон улстай Хамтын ажиллагаа аюулгүй байдлын гэрээг байгуулжээ. Гэрээний тавдугаар заалтад “Талууд Японы нутаг дэвсгэрт аль нэг талын эсрэг зэвсэгт халдлага, заналхийлэл, энхтайван, аюулгүй байдалд аюул учирч байна гэж үзвэл үндсэн хууль, бусад хуулийн дагуу аюулын эсрэг хамтын арга хэмжээ авахаа зарлана. Ийм нөхцөлд явуулсан байлдааны ажиллагаа, бусад бүх арга хэмжээний талаар НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу Аюулгүйн зөвлөлд нэн даруй мэдэгдэнэ. АНУ гэрээ ёсоор Японы аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, Япон улс түүний хариуд АНУын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, цэргийн баазыг нь нутаг дэвсгэртээ байрлуулах үүрэгтэй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Сенкаку арал Япон улсад харьяалалтайг АНУ хүлээн зөвшөөрч, тус арал руу хийсэн аливаа довтолгоог өөрийн үндэсний аюулгүй байдалд учруулж буй аюул хэмээн үзэх аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)