БНХАУ энэ онд эдийн засгаа 6.5 хувиар өсгөнө
- 2017-03-07
- Дэлхий
- 0

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн тавдугаар чуулган Бээжингийн Ардын их хурлын танхимд эхэллээ гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Чуулганд Хятадын удирдагч Си Зиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян тэргүүтэй 2000 гаруй улс төрийн зүтгэлтэн оролцож байгаа аж. Тус уулзалтаар “XIII таван жилийн” төлөвлөгөөний хэрэгжилт, иргэдийн амьжиргаатай холбоотой төсөл хөтөлбөр, БНХАУыг байгуулсны 100 жилийн ойн хүрээнд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, орчин үеийн социалист улсыг цогцлоох зорилтын талаар голчлон авч хэлэлцсэн байна. Чуулганыг нээж Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэнь үг хэлэхдээ “Энэ онд XIII таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх зэрэг чухал үүрэгт ажил биднийг хүлээж байна” гэжээ. Түүнчлэн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян Засгийн газрын ажлын тайланг өргөн барьсан байна. Уг тайланд дурдсанаар, БНХАУ энэ онд эдийн засгаа 6.5 хувиар өсгөх зорилтыг дэвшүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны зорилтоос 0.5 хувиар бууруулсан үзүүлэлт аж. БНХАУ эдийн засгаа өсгөх зорилтыг гурван жил дараалан бууруулж байгаа нь энэ юм байна. Тус улсын хувьд эдийн засгийн салбарт хамаарах хэд хэдэн зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гурав орчим хувьд тогтоон барих, хот суурин бүрт 11 саяас дээш ажлын байр бий болгож, ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувьд байлгаж, экспорт, импортын үйл ажиллагааг сэргээж, иргэдийн санхүүгийн орлогыг дэмжих шат дараатай арга хэмжээ авах, эрчим хүчний зарцуулалтыг 3.4 хувиар бууруулж, байгаль орчны бохирдлыг багасгах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж олон улсад танигдах чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн оны ажлаа дүгнэхдээ БНХАУ-ын гадаад харилцаа өргөжиж, олон улсад эзлэх байр суурь өссөн гэж тодорхойлжээ. Тодруулбал, Хятадын дарга Си Зиньпин тэргүүтэй эрх баригчид Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, ШХАБ, БРИКСийн гишүүн орнуудын, цөмийн аюулгүй байдлын асуудлаарх, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, АСЕМ, Зүүн Азийн хамтын ажиллагааны уулзалт зэрэг дээд хэмжээний уулзалт, чухал арга хэмжээнд оролцож, бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлсэн аж. Ерөнхий сайд Ли Кэцян БНХАУ тэргүүлэгч улс гүрэнтэй харилцах харилцаагаа эрчимжүүлж, хөршүүдтэйгөө бүх талын хамтын ажиллагаагаа цогцлоож, хөгжиж буй орнуудтай харилцаа тогтоож, бүс нутаг болон олон улсын тавцан дахь үүргээ биелүүлж, дэлхийн энх тайван болоод нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө нь өсөн нэмэгдсэн он жил боллоо гэж онцолсон байна. Түүнчлэн тэрбээр экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ногоон хөгжилд ахиц дэвшил гарлаа гэж өнгөрсөн оныг дүгнэжээ. БНХАУ өнгөрсөн онд экологийн соёл иргэншлийн туршилтын бүсийг байгуулж, агаарын бохирдлоос сэргийлэх ажлыг шат дараалан хэрэгжүүлэн, 74 хотын агаарын бохирдол PM2.5-ын хэмжээг жилд 9.1 хувиар бууруулан, эрчим хүчний бүтцийг сайжруулж, цэвэр эрчим хүчний хэрэглээг 1.7 хувиар нэмэгдүүлж, ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан үйл явдлыг сайшаан магтжээ. Ерөнхий сайд Ли Кэцяний хэлж буйгаар “Нэг зам, нэг бүс” санаачлагын хүрээнд Бээжин, Тяньжин, Хэбэй гэсэн чиглэлийн дагуух дэд бүтцийн хөгжилд суурилсан стратегийн томоохон төслийг боловсруулсан нь онцлох амжилтын нэг аж. Түүнчлэн тус улс ирэх жилүүдэд өнгөрсөн онд эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрөө өргөжүүлэхээс гадна 2030 он гэхэд Бээжин, Шанхай хотод шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийг байгуулж, энэ салбарыг тэргүүлэгч болох зорилтыг дэвшүүлсэн байна. Өнгөрсөн онд макро эдийн засагт олон бэрхшээл тулгарсан ч инновацид түшиглэн тогтвортой өсөлтийг хангах зохицуулалт хийж, эрсдэлээс сэргийлэхийн тулд холбогдох байгууллага, албан тушаалтан сайн ажилласан гэж хурлын үеэр магтжээ. Түүнчлэн чуулган эхлэхээс өмнө хэвлэлийн төлөөлөгч Фу Инь энэ онд БНХАУ батлан хамгаалах салбарын зардлаа долоон хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Хятад улсын эдийн засгийн хөгжил болон батлан хамгаалах салбарын хэрэгцээ зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр батлан хамгаалах салбарын төсвийг өмнөх оныхоос долоон хувиар нэмэгдүүлж байна” гэжээ. Тус улс өнгөрсөн онд батлан хамгаалах салбартаа 950 тэрбум юань төсөвлөж байсан бөгөөд энэ онд нэг их наяд юаниас давах төлөвтэй байна гэж шинжээчид дүгнэж байгаа аж.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)