Он гарснаас хойш 18 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алджээ
- 2017-03-09
- Нийгэм
- 0

Он гарснаас хойш манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөн 18 эмэгтэй амь насаа алдаж, 1200 гаруй эмэгтэй бие махбодын гэмтэл бэртэл авчээ. Үүнээс улбаалан Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байгааг НҮБ-ын хүн амын сан тэмдэглэжээ. Тиймээс ХНХЯ-наас “Жендер буюу хүйсийн тэгш бус харилцаанаас үүдэлтэй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчлийг үл тэвчих, нийгэм дэх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөхөд оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх” нь сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд НҮБ болон ХНХЯын хүн амын бодлогын газар, Жендерийн үндэсний хорооны мэргэжилтнүүд, МУБИСийн оюутнууд оролцов. Тэд эрдэм шинжилгээний илтгэл тавьж, цаашид энэ асуудлыг нийгмээрээ ухамсарлан таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолж байсан юм. Жендер буюу хүйсийн тэгш бус харилцаанаас үүдэлтэй хүний эрхийн зөрчил нь дотроо олон хэлбэртэй байдаг ч манайд гэр бүлийн хүчирхийлэл нь ил хэлбэрээр тэргүүлж байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд нийгэмд ажлын байр, сургуулийн орчинд биеийн болон сэтгэлзүйн дарамт, шийдвэр гаргах төвшний оролцоонд учруулах саад бэрхшээл зэрэг жендерийн нууц хэлбэрээс болж эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх нь элбэг байгаа аж. Угтаа бол жендерт суурилсан хүчирхийлэл гэдэг нь ганц эмэгтэйчүүдийн асуудал биш, үүнд эрчүүд ч өртөж хохирдог байна. Харин манай улсад эмэгтэйчүүд илүүтэй хохирч байгааг тогтоожээ. Тиймээс энэ асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд ярих биш ухамсрын төвшинд өөрөөр хэлбэл олон нийтэд хүчирхийллийн бүх хэлбэрийг ойлгуулж, нийтээрээ жигшиж, таслан зогсоох хэрэгтэй байна. Тиймээс төрийн болон бүх шатны байгууллагыг хамруулж, олон нийтэд энэ талын хор хөнөөлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас ХНХЯ-д үүрэг болгожээ. Энэ хүрээнд Жендерийн үндэсний хороо, ХЗДХЯ, ХНХЯ Хүн амын бодлогын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Жендерийн тухай боловсролыг гадаадад цэцэрлэгт хоёр наснаас нь заадаг бол манайд энэ талын боловсролын ерөнхий боловсрол, их дээд сургуульд ч хүртэл заадаггүй байна. Тиймээс энэ тал дээр Боловсролын салбарыг өргөн хүрээнд хамруулж, ажиллах шаардлагатайг энэ үеэр онцолж байсан юм.
Т.Дуламжав

Сэтгэгдэл (2)
Emegteichvvd ni hvn erchvvd ni hvn Bish ged huuli batlaad l (202.70.46.237)
Zochin
Vnen yum uu daa ene medeelel (202.70.46.237)
Zochin