Л.Мөнхтүшиг: Гадаадад ял эдэлж буй зарим иргэнээ шилжүүлж авна
- 2017-03-09
- Үнэн
- 0

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард манай улсын иргэн Герман улсад хоёр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл гараад буй. Түүнчлэн манай улсын иргэд урд хөршид зорчихдоо гэмт хэрэгт холбогдох нь ихэссэнтэй холбогдуулан ГХЯны Консулын газрын дэд захирал Л.МӨНХТҮШИГЭЭС зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсын иргэн Германд хоёр ч хүний аминд хүрсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар албан ёсны мэдээлэл байна уу?
-Өнөөдрийн байдлаар манай улсын 144 мянган иргэн гаднын 77 улсад ажиллаж, амьдарч байна. Германд монгол иргэн хоёр хүний амь насыг хөнөөсөн гэх мэдээлэл гарсан боловч тус улсын хууль хяналтын байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд албан ёсны мэдээлэл ирүүлээгүй. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Германд гарсан шиг хэргийн талаар манай улс хэдий хугацаанд мэдээлэл авдаг юм бэ. Манайх мэдээллээ хоцорч аваад байх шиг. Хэргийн талаар манай улс хэдий хугацаанд мэдээлэл авдаг юм бэ. Манайх мэдээллээ хоцорч аваад байх шиг харагддаг, тийм тал бий юү?
-Монгол Улсын иргэн аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн улсын цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулсан даруйдаа Элчин сайдын яамандаа мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ бол дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенциор зохицуулдаг асуудал л даа. Манай улсын хувьд ч мөн адил гаднын аль нэг улсын иргэн манай улсад зорчиж явахдаа аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн улс руу нь шуурхай мэдэгддэг. Энэ хэргийн талаар Берлин дэх Элчин сайдын яамнаас манайд албан ёсны мэдээлэл ирүүлээгүй. Энэ нь Германы тал буюу цагдаагийн байгууллагаас манай Элчин сайдын яаманд мэдээлэл ирүүлээгүй л гэсэн үг.
-Манай улсын иргэд хилийн чанадад хэрэгт холбогдох тохиолдол хэр их гарч байна вэ. Тэр дундаа урд хөршид зорчсон монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол тасрахгүй юм?
-Он гарснаас хойш манай улсын 50 иргэн гадаадад хэрэгт холбогдсон. Эдгээр гэмт хэргийн дийлэнх хувийг хулгайн хэрэг эзэлж байна. Тэр дундаа БНХАУ-д зорчиж буй монгол иргэд хулгайн хэрэгт холбогдох нь ихэсч байгаа. Тиймээс Элчин сайдын яам болон тухайн улсад байрладаг Консулын газраар дамжуулаад хэрэгт холбогдсон иргэдэд өмгөөлөгч томилуулах зэргээр асуудлыг нааштайгаар шийдүүлэх үүднээс идэвхтэй ажиллаж байгааг хэлье. Түүнчлэн манай улсын иргэд урд хөршид зорчихдоо хар тамхитай холбоотой хэрэгт холбогдох нь ихсэх хандлагатай байна. Тухайлбал, он гарснаас хойш найман иргэн ийм төрлийн хэрэгт холбогдсон. Үүнээс дөрөв нь хар тамхи тээвэрлэсэн, дөрөв нь хэрэглэсэн шалтгаанаар саатуулагдаад байна.
-Өнгөрсөн сард Манжуурын замд манай улсын иргэд авто осолд орсон. Энэ хэргийг шалгах явц ямар шатандаа яваа бол?
-Цагаан сарын өмнөхөн Манжуурт зорчиж явсан манай улсын таван иргэн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Эдгээр иргэний ар гэрт Консулын газрын зүгээс туслалцаа үзүүлж, Хятадын талаас сая 110 мянган юанийн нөхөн олговор олгуулсан.
-Мөн тус улсад манай улсын нэг иргэн барьцаалагдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулна уу?
-Хайлаар дахь Консулын газар Манжууртай хамгийн ойр байрладаг учраас тухайн асуудлыг хариуцдаг. Энэ талаарх мэдээллийг Хятадын талаас бидэнд мэдэгдсэн даруйд болон Консулын газарт ар гэрээс нь холбогдсон тохиолдод шалгалт явуулдаг. Хятадын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаад үнэхээр ийм хэрэг гарсан байвал тухайн иргэний эрх ашгийг хамгаалаад явна. Гэхдээ барьцаалагдсан гэдэг асуудал ихэнх тохиолдолд ташаа байх нь бий. Өөрөөр хэлбэл, манай улсын иргэд Хятад улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчихдоо хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг. Энэ хугацаандаа паспортоо Хятадын иргэнд хадгалуулах байдлаар өгчихөөд “барьцаалагдсан” гэж тайлбарлах тохиолдол хэд хэд гарсан. Дээрх тохиолдол бүрт бид Хятадын цагдаагийн байгууллагад хандаад паспорт бол Монгол Улсын төрийн өмч учраас ямар нэгэн байдлаар барьцаалах, хадгалах асуудал байхгүй гэдгийг хэлээд асуудлыг шийдсэн байгаа.
-Манай улс өнөөдрийн байдлаар гаднын хэчнээн улстай ялтан солилцох гэрээ байгуулаад байна вэ. Энэ хүрээнд энэ жил хэчнээн иргэнийг шилжүүлж авахаар төлөвлөөд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар гаднын 14 улсад манай улсын 168 иргэн ял эдэлж байна. Манай улс гаднын 55 улстай ялтан солилцох гэрээтэй. Эдгээр улсад хоригдож байгаа монгол иргэд Элчин сайдын яамаар дамжуулаад тухайн иргэн хэрвээ хүсэлт гаргавал үлдсэн ялаа Монгол Улсдаа эдлэх боломжтойг мэдэгдсэн байгаа. Үүний дагуу бид өнгөрсөн жил БНХАУ-аас хоёр, Казахстанаас нэг иргэнийг шилжүүлж авсан. Энэ жилийн тухайд гадаадад хорих ял эдэлж байгаа 28 иргэнийг шилжүүлж авахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Швед, Хятад, Хонконг зэрэг улсад хүсэлтээ тавиад байна. Гэхдээ энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шийддэг. Үүнд мөн бид ХЗДХЯ-тай хамтарч ажиллаад эдгээр иргэнээ шилжүүлж авах талаар хүсэлтээ гаргачихаад байна.
М.Жаргал

Сэтгэгдэл (1)
зоÑин (122.201.31.132)
Ñ Ð°Ñ ÑÐ°Ð¼Ñ Ð¸ манÑÑÑÑÑÑÐ»Ð°Ñ Ð±Ð¾Ð´Ð¸ÑÑой Ñ Ð¾Ð»Ð±Ð¾Ð³Ð´Ñон Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг биÑгий авааÑÑÑ Ð°ÑÑлÑн Ð´Ð¾Ñ Ð¸Ð¾ өгөөд байна ÑÒ¯Ò¯ бÑÑад Ñ ÑÑÑгÑнүүд бол алдаагаа ÑÑ Ð°Ð°ÑÑ Ñаддаг манÑÑÑÑагÑид бол еÑÐ´Ó©Ó©Ñ Ò¯Ð³Ò¯Ð¹ Ò¯Ñ Ñ Ò¯Ò¯Ñ Ð´Ò¯Ò¯Ð´Ð¸Ð¹Ð½Ñ ÑÑ Ð¸ÑÑÑдүйг Ð±Ð¾Ð´Ð¾Ð¾Ñ Ð°Ð¹Ð¼ÑигÑай ÑонÑогдож байна