Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном айлдаж, засал хийнэ

 

        XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14-нд буюу Өндөр гэгээн Занабазарын жанч халсан /нирваан дүр үзүүлсэн/ дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо. Эл өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар “Буянт-Ухаа” спорт цогцолборт үнэ төлбөргүй ном айлдахаар болжээ. Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлжээ. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ. Энэхүү хурлын үеэр Өндөр гэгээний мутрын хэвээр дарсан хэвийн боовоор идээ засч, түүний айлдсан “Ум лай даняама”, “Жанлавцогзол” номыг хурдаг уламжлалтай аж. Үүнийг “Давхар ерөөл” хэмээн нэрлэж, Өндөр гэгээний айлдсан “Норов бадма маани”-ийг Цогчэн их умзад жавдан дээрээ босч зогсон хүндэтгэлтэйгээр татдаг байсан аж. Энэхүү уламжлалын дагуу Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэнгийн хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс Цагаан Дара эхийн насны авшиг хайрлах ажээ. Насны авшиг нь Цагаан Дара эх бурхны адистэд авралыг дамжуулан өгч буй өөрийн үүсгэл, өмнийн үүсгэл, залбирал, тахил өргөхүй, ерөөл сэлт лугаа цогц зан үйл аж.

 

Насны авшиг хүртсэнээр Цагаан Дара эхийн аврал өршөөлд багтан адистэд нь оршиж насны элдэв саад зэтгэр арилж урт удаан наслахын шидийг хайрладаг гэнэ. Хурлын үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс Хүрээ амаржих газар буюу II төрөх эмнэлэгийн нярайн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулж өгөхөөс гадна Төв аймгийн Батсүмбэр сумын асрамжийн газрын ахмадууд болон хорт хавдраар өвдсөн элэг нэгт монголчууддаа гарын бэлэг гардуулах хүмээнлэгийн ажлыг зохион байгуулах юм байна. Эл арга хэмжээний үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам хуваргууд, тахиа жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах юм байна. Иймд сүсэгтэн олныг даллагын уут, тавгийн идээтэй ирэхийг уриалсан юм. Сүсэгтэн олонд тухайн өдрийн өглөөний 09.00 цагт Таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)