БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа
- 2017-03-10
- Үнэн
- 0

Бүртгэлийг аймаг орон нутагт төдийгүй дүүрэг тус бүрт энэ сарын 6-7, 9-ний өдөр явуулжээ. Энэ жил тус улсад ажиллах хүсэлтэй 8000 иргэнийг бүртгэж, солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авснаар 1500 хүнийг эхний шатанд тэнцүүлэх юм байна. Бүртгэлтэй холбоотой зарим асуудлаар ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.ГАНЗОРИГООС зарим зүйлийг тодруулсан юм.
-БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн тоо, цалин хөлс нэмэгдсэн үү. Ямар шалтгаанаар иргэд тус улсыг зорих хүсэлтэй байна вэ?
-Монгол Улс одоогоор ганцхан БНСУ-д албан ёсоор ажиллах хүч илгээдэг. Тиймээс тус улсыг зорих хүсэлтэй иргэн олон байна. Өнгөрсөн онд БНСУ-д ажиллах хүсэлтэй 15928 хүн бүртгүүлснээс 1186 хүнийг шалгаруулж, хөдөлмөрийн хэлтэст байршуулснаас 1000 орчим хүн явсан. Энэ жил БНСУын Хөдөлмөрийн бирж дээр 1500 хүний мэдээллийг байршуулах захиалга ирсэн. Голдуу аж үйлдвэрийн салбарт БНСУын хувьд ажлын нөхцөлөөсөө хамаараад хөдөлмөрийн гэрээний дагуу цалингаа олгодог. Албан ёсны ажилчин болсноор нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, үзлэг оношлогоонд хамрагдах гээд олон давуу талтай учир иргэд тэнд Монголд авдгаасаа илүү өндөр цалин авч, хуримтлуулах хүсэлтэй байдаг.
-Бүртгүүлсэн иргэдийн хэлний төвшин ямар байдаг вэ. 1500 хүн тэнцүүлэхийн тулд 8000 хүн бүртгэх хэрэгтэй юм уу. Бүртгэлийн хураамжид 24 ам.доллар авдаг нь ямар учиртай вэ?
-Бүртгүүлэх гэж байгаа иргэд солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Шалгалтад 1500 хүнийг тэнцүүлнэ гэж тооцвол 8000 хүнийг бүртгэх шаардлагатай болдог. БНСУ нь 15 орноос ажиллах хүч татдаг бөгөөд онлайнаар шалгалт авдаг. Тэгэхээр уг шалгалтыг олон улсын шалгалт гэж ойлгож болно. Шалгалтын үйл ажиллагаатай холбоотой 24 ам.доллар авдаг нь тус улсад арваад жилийн өмнөөс тогтсон хураамж юм. Тэгэхээр энэ мөнгийг шалгалтад орохоор бүртгүүлсэн хүнд буцааж өгөх боломжгүй. Харин бүртгүүлж амжаагүй иргэд дүүргийнхээ ХХҮХ-т өргөдлөө өгөөд ажлын 5-14 хоногийн дотор буцааж авах боломжтой. Шалгалтыг ирэх 4-6 сард авах бөгөөд шалгалт өгөх иргэний хурууны хээг нь уншиж, шалгаад оруулна. Тэгэхээр өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулах боломжгүй. Иргэд нэгэнт БНСУ-д ажиллахаар бүртгүүлж, цаг зав, мөнгөө төлж байгаа учир өөрийгөө хуурахгүй, хэлээ сайн эзэмшихийн төлөө л хичээх хэрэгтэй.
-Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд иргэд хэр тэнцэж байна вэ. БНСУ-д эрүүл очоод өвчлөөд ирдэг талаар яриа байдаг шүү дээ?
-Бүртгүүлж буй иргэдээс эрүүл мэндийн шалтгаанаар маш цөөн хүн хасагддаг. БНСУ-д ажиллаад буцахад нь дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй. Хэрвээ өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах аль эсвэл чөлөө олгож, нутаг буцаах зэрэг арга хэмжээ авдаг.
-Энэ жил бүртгэлийн үйл ажиллагаа хэр их ачаалаалалтай байсан бэ?
-Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт тодорхой заасан тооноос хэт олон хүн бүртгүүлэхээр оочирлосноос болж зарим иргэд бүртгүүлж амжаагүй. Бүртгүүлэхдээ банкинд бүртгэлийн хураамжаа төлсөн баримтыг авч ирэх ёстой байдаг. Тиймээс заасан тооноос олон хүн банкинд мөнгөө тушаагаад, оочирлоод байсан. Түрүүлээд иргэдийн тоог гаргаж бүртгэх боломжгүй юм л даа. Тиймээс бүртгүүлж амжаагүй иргэд мөнгөө буцааж авах боломжтой.
Т.Дуламжав

Сэтгэгдэл (1)
zochin (98.226.83.151)
burtguulsen mongol zaluus bugdeeree yavaasai gej husej bna.ted hunii nutagt ochisnoor ajil surna,uurtuu hurungu oruulalt khiine.soyol surna,bas ekh ornoo iluu ikh hairaldag setgeltei bolno.