Хулсны баавгайн өнгийг судалжээ

 

        АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгааны төв хулсны баавгайн өнгөний талаар судалжээ. Судалгааны үр дүнг олон улсын сэтгүүл “Behavioral ecology”-д нийтэлсэн байна. Хулсны баавгай хар цагаан өнгөтэй байдаг нь хүйтэн бүсээс эхлээд халуун орны ширэнгэн ой хүртэл янз бүрийн газраар нүүдэллэн суурьшихдаа араатан амьтнаас нуугдахад нь тусалдаг гэнэ. Энэ төрлийн баавгай бусадтайгаа адил өвөл ичдэггүй ба энэ нь идэш тэжээлийн онцлогоосоо болоод өвлийг давахуйц өөхөн давхарга хуримтлуулах боломжгүй байдагтай нь холбоотой аж. Судалгааны багийн ахлагч Жим Кару “Хулсны баавгайн нүүрний ихэнх хэсэг, хүзүү, гэдэс болон бөгсөн биеийн цагаан өнгө нь өвөл цасан дунд цөөвөр чоно, цасны ирвэс зэрэг араатан амьтнаас биеэ халхлахад нь тус болдог. Харин хулсан ой шиг сүүдэр ихтэй газар болоод ширэнгэн дунд хар өнгийн гар, хөл нь халхлалтын үүрэг гүйцэтгэдэг” хэмээн нарийвчлан тайлбарлажээ. Баавгайн нүд болон чихний эргэн тойрон дахь хар хэсэг нь дээрхээс арай өөр үүрэгтэй гэнэ. Хэрвээ ойр орчимдоо дайсан байгааг илрүүлбэл чихээ хөдөлгөн, бусдадаа аюулын дохио дамжуулдаг болох нь ажиглалтын явцад тогтоогдсон байна. Нүд орчмын хар хэсэг нь баавгай бүрт өөр бөгөөд энэ нь бие биенийгээ ялгах,“нэрийн хуудас”-ны үүргийг гүйцэтгэдэг байх магадлалтай ажээ. Шинжээчид хулсны баавгай тэргүүтэй 195 төрлийн амьтан суурьшсан бүс нутгийн байгалийн тогтоцыг судлан, амьтдын өнгө амьдарч буй орчноос нь хэрхэн хамаардаг талаар харьцуулан судалсан байна.

 

М.Янжиндулам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)