ОХУ-ын эдийн засаг энэ онд өсөлттэй гарна
- 2017-03-22
- Дэлхий
- 0

Эдийн засгийн хямралтай үед ОХУ-д чанаргүй зээлийн хэмжээ өссөнөөр банкны салбарын хөрөнгийн хомсдол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд хүрэх эрсдэлтэй байна гэж Олон Улсын Валютын Сангаас мэдэгджээ. Өнгөрсөн сард ОХУ-ын банкны чанаргүй зээлийн хэмжээ 9.2 хувь байна гэж тайлагнаж байсан юм. Хэдий тийм боловч энэхүү үзүүлэлт үүнээс 3.5 хувиар өндөр байх магадлалтай аж. Улмаар газрын тосны ханш унаснаас үүссэн дарамт урт хугацаанд үргэлжилбэл ОХУ-ын банкуудын хөрөнгийн хомсдол дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьд хүрч болзошгүй байгааг анхааруулж байжээ. Өнгөрсөн онд ОХУ-ын Засгийн газар санхүүгийн салбарыг дахин хөрөнгөжүүлэхэд 16 тэрбум ам.долларыг зарцуулж байсан юм. Үүнээс хойш дахин хөрөнгийн хомсдол үүсч болзошгүй байгаа нь банкуудын үнэ цэнийг бууруулахад хүргэх магадлалтай байгаа тухай Олон улсын валютын сан тайландаа дурджээ. Гэхдээ Валютын сан ОХУ-ын эдийн засаг энэ онд 1.2 хувиар агшсаны дараа 2017 онд нэг хувиар өснө гэж таамаглаж байна. Түүнчлэн инфляцийн төвшин өнгөрсөн оны сүүлчээр 6.6 хувьтай байх бол 2017 оны сүүлчээр 5.2 хувь болж буурах төлөвтэй байгаа аж.
Ингэснээр эдийн засагт учирч болох эрсдэлийг багасгахын тулд ОХУ улсын сангийн ашиглалтаа багасгаж, өмч хувьчлалыг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Мөн тэтгэврийн шинэчлэлийг яаралтай хийж, банкны цэвэрлэгээг эхлүүлж, хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Олон улсын валютын сан онцолжээ. Гэвч энэ онд газрын тосны үнийн бууралт саарч тогтворжих хандлагатай байгаа тул ОХУ-ын эдийн засаг сайжирч, Украйны эдийн засгийн идэвхжил сэргэсэн зэргээс тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхоос илүү байх хандлагатай буйг шинжээчид онцолж байна.
Хэрэв түүхий эдийн үнэ тогтворжвол бүс нутгийн зүүн хэсэгт орших Зүүн Европ, өмнөд Кавказ болон Төв Азийн орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэхээр байгаа аж. Евро бүсийн эдийн засгийн идэвхжлээс хамааралтайгаар тус бүс нутгийн баруун хэсэгт орших Болгар, Румин, Турк болон Баруун Балканы орнуудын эдийг засаг энэ онд алгуур өсөхөөр байна. ОХУ-ын Төвбанк болон Сангийн яам улсынхаа энэ оны эдийн засгийн өсөлттэй гарна гэсэн эерэг төсөөлөлтэй байна.Тус улсын Төвбанкны тооцоолж буйгаар, энэ онд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1-1.5 хувиар өсч, инфляци дөрвөн хувь болж буурах аж. Мөн жилийн эцэс гэхэд төсвийн алдагдал 3.2 хувиар буурах бол баррель газрын тосны ханш баррель тутамдаа 40 ам.доллараас доошлохгүй ажээ. Түүнчлэн шинжээчид ОХУын эдийн засгийн талаар өөдрөг таамгийг дэвшүүлж байна. “Bloomberg”-ийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар шинжээчдийн олонх нь ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 1.1 хувиар, инфляцийг 5.1, төсвийн алдагдлыг гурав орчим хувиар буурна гэсэн таамаг дэвшүүлсэн байна. ОХУ-ын Төвбанкны ахлах эдийн засагч Олег Кузьмин “Энэ онд манай улсын эдийн засаг өсөлттэй гарна. Учир нь энэ онд инфляцийн төвшин буурч, рублийн ханш тогтворжих боломж бүрдэж байгаа юм” гэжээ. Өнгөрсөн оны эхний улиралд брент маркийн газрын ханш баррель тутамдаа дунджаар 27.1 ам.доллар болж буурсан нь ОХУ-ын эдийн засагт хүндхэн цохилт болсон юм. Гэвч мөн оныхоо дөрөвдүгээр сард газрын тосны ханш 48 хувиар өссөн нь бөгөөд бага багаар өссөөр баррель тутамдаа 92 ам.долларт хүрсэн юм. Ингэснээр тус улсын эдийн засгийн хувьд өнгөрсөн он эхлэл нь хүнд, төгсгөл нь өгөөжтэй жил болсон. “BCS” санхүүгийн нэгдлийн ахлах эдийн засагч Владимир Тихомиров “Өнгөрсөн он эдийн засгийн хувьд тийм ч хүнд жил байгаагүй. Эдийн засгийн хувьд хамгийн хүнд жил бол 2015 он байсан” гэв. 2015 онд ОХУын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.7 хувиар буурч, инфляци 12.9 хувьд хүрч байсан.
Газрын тос, байгалийн хийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлт ОХУ-ын экспортын орлогыг огцом нэмэгдүүлсээр ирсэн. Экспортын орлогыг нийгмийн халамж үйлчилгээ болон тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэлд хойд хөрш түлхүү зарцуулж байсан. ОХУ нь өнгөрсөн оны байдлаар 143 сая хүн амтай. Орлогын зөрүүтэй хүмүүсийн ялгаа нь Орост 15 дахин бол Франц, Германд 5-7 байх жишээтэй. Өнгөрсөн онд тэтгэврээ 1.6 дахин, цэргийн албан хаагчдын цалинг гурав дахин тус тус нэмсэн байна. Архи, тамхи, хар тамхины улмаас жил бүр хойд хөршөөс 500 мянган хүн нас барж байна гэх эмгэнэлтэй тоо ч бий. Газрын тосны ханш энэ онд ойролцоогоор баррель тутамдаа 58 ам.доллар байна гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байгаа юм. Тэгвэл Владимир Тихомиров “Хэрэв энэ онд газрын тосны ханш 56-58 ам.доллараас буурахгүй бол ОХУ-ын эдийн засаг таамаглаж буйгаас илүү өсөлт үзүүлэх боломжтой” гэж үзэж байна.
Ц.Даваасамбуу

Сэтгэгдэл (0)