“Шинэчлэн сайжруулсан “Galaxy Note 7”-г худалдаанд гаргана

 

        Эрх бүхий байгууллагаас галын аюултай гэсэн дүгнэлт гарсны дараа дэлхийн зах зээлээс эргүүлэн татаж аваад байсан “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг шинэчлэн сайжруулж зах зээлд гаргана гэж “Samsung” компанийн удирдлага өнгөрсөн даваа гаригт мэдэгджээ. “Note 7”-г өнгөрсөн оны наймдугаар сард хэрэглэгчдэд танилцуулаад удаагүй байхад уг гар утас шатах эрсдэлтэй гэдэг нь тодорхой болсон бөгөөд энэ нь утасны зай хураагуурыг үйлдвэрлэхэд асуудал үүссэнтэй холбоотой болохыг тогтоосон билээ. Зах зээлд гаргаснаас ердөө хоёрхон сарын дараа ийм загварын бүх гар утсыг дэлхийн зах зээлээс эргүүлэн татсан бөгөөд эдгээр гар утасыг бүгдийг нь устгана, засч сайжруулан худалдахгүй гэж “Samsung” мэдэгдэж байсан юм. Гэтэл одоо тус компани шинэчлэн сайжруулсан “Note 7”-г зах зээлд гаргахаар Засгийн газрын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг хүлээж байгаа ажээ. “Samsung” компаниас гаргасан мэдэгдэлд “Шинэчлэн сайжруулсан “Galaxy Note 7”- нь хэрэглээнд гарах эсэх нь эрх бүхий байгууллагууд болон борлуулагчидтай зөвлөлдөн орон нутгийн хэрэгцээг харгалзан үзсэний дараа тодорхой болно. Аль зах зээлд гаргах болон хэзээ гаргах вэ гэдгийг тухайн үед нь тогтооно” гэж дурдсан байна. “Note-7”-гийн “сүйрэл” Samsung компанид ойролцоогоор 5.5 тэрбум ам.долларын алдагдал учруулсан ажээ.

 

Ц.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)