Йеменд 1500 гаруй хүүхэд амиа алджээ
- 2017-03-30
- Дэлхий
- 0

Йеменд өнгөрсөн онд иргэний дайны хөлд өртөн 1500 гаруй хүүхэд амиа алдсан тухай НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ. Засгийн газрын эсрэг “Хусит” бүлэглэлийнхэн Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадиг түлхэн унагасны дараа Саудын Араб тэргүүтэй хөрш улсууд Ерөнхийлөгч Хадигийн эрх мэдлийг сэргээхээр Йеменд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээр 2015 онд тус улсад дайн дэгдсэн юм. ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнд дурдсанаар, өнгөрсөн онд Йеменд 1546 хүүхэд амиа алджээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 70 орчим хувиар нэмэгдсэн тоо аж. Мөн өнгөрсөн онд тус улсад 2450 хүүхэд шархдаж, гэмтэж бэртсэн бол 1572 эрэгтэй хүүхдийг цэрэгт дайчилжээ.
Түүнчлэн хүнсний хомсдолын улмаас хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдийн тоо хагас саяд хүрээд байна гэж тус байгууллага анхааруулаад, өлсгөлөн нүүрлэхээс сэргийлэхийн тулд тулалдаанаа зогсоохыг сөргөлдөгч талуудад уриаллаа. 2016 он Сири хүүхдүүдийн хувьд үнэхээр гамшгийн он байв. Учир нь, энэ ганцхан жилийн хугацаанд Сири Улсад 650 хүүхэд дайны хөлд үрэгдэн нас барсан байна. Энэ тоо 2015 оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь албан ёсоор бүртгэгдсэн тоо төдийгүй үүний цаана нас барсан ч бүртгэгдээгүй олон зуун хүүхэд байгаа гэж ЮНИСЕФ мэдэгджээ. Дайны, зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудаас гадна амиа золиослогч этгээдүүдийн дайралт халдлагын улмаас амиа алдаж байгаа хүүхдүүдийн тоо өссөөр байгаа нь өнөөдөр дэлхий ертөнц дээр үүссэн эмх замбараагүй байдал, талцал хуваагдлаас үүдэлтэй гэлээ. Үүний хохирогч нь гэм зэмгүй хүүхдүүд болж байгаа нь харамсалтай юм.

Сэтгэгдэл (0)