Автобусны картыг дөрөвдүгээр сарын 3 хүртэл 2000 төгрөгөөр худалдаална
- 2017-03-31
- Үнэн
- 0

Ирэх сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар төлбөрөө хийнэ. Энэ талаар Улаанбаатар смарт карт ХХК-ийн Тээврийн хэсгийн ахлах менежер Ц.ТҮВШИНЖАРГАЛААС зарим зүйлийг тодрууллаа.
-Нийтийн тээврийн үйлчилгээг цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх ажлын хүрээнд картын төрлийг нэмэгдүүлсэн гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Энгийн болон хүүхдийн “U money” картаас гадна гурван төрөл бий. Тухайлбал, сарын хугацаатай хязгааргүй зорчих картыг худалдаанд гаргалаа. Том хүнийх 25 мянган төгрөг, хүүхдийнх найман мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг нэг удаа худалдаж аваад сар бүр сунгуулах боломжтой.Мөн нийтийн тээвэр болон төлбөр тооцооны хосолсон “Сити пасс” карт гэж бий. Энэ нь банкны тооцооны төв, интернэт болон Мобайл банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж автобусаар үйлчлүүлнэ. Энэ картыг ХААН банкны салбараар хөнгөлөлттэй захиалж болно. Түүнчлэн Юнителийн хэрэглэгчид сим картаа ухаалаг NFC сим болгон солиулснаар утсанд чинь “U money” карт байршуулах юм. Ингэснээр нийтийн тээвэрт утсаа уншуулаад зорчиж болно.
-Карт худалдаалдаг цэгүүдэд хязгааргүй эрхтэй карт байдаггүй гэсэн. Хаанаас худалдаж авах вэ?
-Дөрвөн цэгээр худалдаалж байна. Тодруулбал, Улаанбаатар смарт карт ХХК-ийн “Хэрэглэгчийн төв”, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл салбараас авч болно. Картыг анх удаа худалдан авахдаа сарын хэд дэх долоо хоногоос шалтгаалж хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Тухайн сарын 15-21 хоногт худалдан авбал том хүнийх 15 мянган төгрөг, хүүхдийнх 4000 төгрөг, тухайн сарын 22-ны өдрөөс хойш бол 10 мянган төгрөг болон 2000 төгрөгөөр худалдаж авна.
-Картаа яаж сунгуулах вэ?
-Тухайн сарын 16-27-ны өдрийн дотор төлбөрөө Худалдаа хөгжлийн банкинд тушаана. Ингэснээр дараа сарын 1-нээс хязгааргүй зорчих эрхтэй.
-Танай байгууллагаас үнэгүй тарааж байгаа картыг хаанаас авч болох вэ?
-Дүүргийн хороодтой хамтран 20000 ширхэг картыг иргэдэд үнэгүй тарааж эхэлсэн. Тухайн хорооны нийгмийн ажилчидтай хамтарч зорилтот бүлгийн иргэдэд олгож байна. Тэд картаа цэнэглүүлэн нийтийн тээврээр зорчино. Харин энгийн иргэд 3600 төгрөгийн үнэтэй картыг дөрөвдүгээр сарын 3 хүртэл цэгүүдээс 2000 төгрөгөөр худалдана. Мөн орон нутгийн иргэд 3600 төгрөгөөр карт худалдаж аваад хотод байх хугацаандаа ашиглаж буцахдаа карт борлуулах цэгээр буцааж мөнгөө авч болно.
С.Аз

Сэтгэгдэл (0)